– Business.MN сэтгүүлийн 2023 оны 06 сарын дугаар (№55) -т хэвлэгдсэн нийтлэл –
Хувийн сонирхлоо ажил хэрэг, амжилттай бизнес болгон хувиргасан Түмэннасангийн Зоригийг бид “Хэв маяг” булангийнхаа анхны зочноор урилаа. Одоогоос 11 жилийн өмнө тэрбээр Premier Tailor компаниа үүсгэн байгуулж, ижил нэрт дэлгүүрээрээ дамжуулан Made-to-measure буюу биеэс хэмжээ авч, цор ганц хослол урлах мэргэжлийн үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлсэн бол тун удалгүй тэйлор хослолоор мэргэшсэн Италийн алдарт Isaia брэндийг эх орондоо оруулж ирснээр дэлхийн түвшний бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэдээ ойртуулжээ. Харин сүүлийн жилүүдэд мульти-брэнд концепцын хүрээнд эрчүүдэд зориулсан Quinto concept store, бүсгүйчүүдэд зориулсан âme concept store -ийг тус тус байгуулж, Balenciaga, Celine, Dior, Gucci, Dolce&Gabbana, Clive Christian, Saint Laurent, Loewe, Moncler зэрэг дэлхийн топ брэндийг албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэлсэн юм. Ингээд түүнтэй уулзахаар Shangri-La Mall -ийг зорилоо (Premier Tailor компани нийт таван дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулдгаас энд Isaia, Quinto, âme болон Mac Cosmetics гэсэн дөрвөн ч дэлгүүр нь байрлаж буй).
OOTD (Outfit of the day)
Бидний уулзсан өдөр Т.Зориг улирлын өнгө аяст тохируулан цагаан босоо судал, цагаан товчтой, зөрсөн энгэр бүхий хөх өнгийн зуны хослол өмссөн байв. Мэдээж хэрэг, Isaia брэндийн логог бэлгэдэх улаан шүрэн энгэрийн тэмдэг зүүхээ ч мартсангүй. “Өнөөдөр өмссөн хослол маань торго, ноос, линен гэсэн гурван материалын хольцтой, энгийн загвартай. Линен буюу тааран материалын хольцны агууламж нэмэгдэх тусам тухайн хослол илүү зуны шинж чанартай болдог. Энэ утгаараа илүү үрчийх хандлагатай байдаг” хэмээн тэр тайлбарлав. Хослолынхоо дотуур Premier Tailor -ийн цамц өмсөж, Италийн Gianni Fontana брэндийн гар аргаар урласан, даруу хийцтэй, хөх өнгийн зангиагаар тодотгожээ. Харин гутлаа Италийн Stefano Bemer брэндээс сонгон өмссөн байв. Тэрбээр өөрийн стилиэ сарториал (sartorial) буюу гар хийцийн хослол, хувцасаас бүрдэх классик хэв маягтай хэмээн тодорхойлсон юм.
Ингэж эхэлсэн…
“Би АНУ -ын Миннесота мужийн нэгэн жижиг хувийн их сургуульд оюутан болж очсон цагаасаа хувцас загвар сонирхож эхэлсэн. Америкийн хөдөө нутагт байдаг уг сургуульд оюутнууд бэлтгэлийн өмд, цамц, сандаал, сникерс голдуу өмсөнө. Тэнд би Англи, Швед, Герман зэрэг Европын улс орноос ирж суралцаж буй залуустай их нийлж, нөхөрлөдөг байлаа. Тэднээс хувцаслах соёлд суралцаж, үлгэр дуурайл авч эхэлсэн. Гоё хувцасладаг гэдгээр нь биднийг сургууль даяараа мэддэг байлаа. Нэг удаа бүр сургуулийнхаа сонинд энэ талаар ярилцлага хүртэл өгч байв. Тухайн үед би бизнес, маркетингийн чиглэлээр суралцаж байсан учраас маркетинг, стратеги, менежментийн хичээлүүдийнхээ хүрээнд загварын салбарт хамаарах төслүүд хэрэгжүүлж, тэр цагаас энэ салбарыг бизнес талаас нь жинхэнэ утгаар ойлгож, бүр ч дурлах болсон”.
Анхны хөрөнгө оруулалт
“Гуравдугаар курсынхээ амралтаар эх орондоо ирээд байхдаа биеэс хэмжээ авч хослол урлах үйлчилгээ манайд дутмаг байдгийг анзаарсан. Улмаар их сургуулиа төгсөж ирээд MCS Properties компаниас ажлын гараагаа эхлүүлж, тэнд ажиллах хугацаандаа их зүйл сурч, туршлага хуримтлуулж чадсан. Ингээд нэг л өдөр хувийн бизнесээ эхлүүлэхээр зориг шулуудаж, Premier Tailor компаниа байгуулж байв. Анхны хөрөнгө оруулалтаа босгохын тулд их сургуулиа амжилттай төгсөхөд маань аавын бэлэг болгон авч өгсөн машинаа зарж байлаа. Түүнээс хойш 10 гаруй жил тансаг зэрэглэлийн зах зээлд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна”.
Брэнд хэрэглээ
“Би гоё, чамин зүйлд дуртай, түүнээсээ гоо зүйн таашаал авдаг хүн шиг байгаа юм. Нэг үгээр, аливаа зүйлийн гадаад өнгө үзэмж, эстетикт их ач холбогдол өгдөг гэх үү дээ. Аав маань тооноос илүү чанарыг чухалчилж, бага байхаас минь л надад аль болох чанартай хувцас өмсгөхийг хичээдэг байлаа. Чанартай бүтээгдэхүүнийг олон жил эдэлж хэрэглэнэ гэх философи маань эндээс эхтэй. Нөгөө талаар, брэндийн бүтээгдэхүүн гэхээр л “тэнгэрт тулсан” үнэтэй байдаг гэх хандлага манайхан дунд түгээмэл бий. Гэтэл харьцангуй боломжийн үнэтэй бүтээгдэхүүн худалдаалдаг, хүмүүсийн сайн мэдэх Zara, H&M, Uniqlo зэрэг ч бас л брэнд. Өөрөөр хэлбэл, брэнд бүтээгдэхүүн хэрэглэх нь хүүхдэд хөдөлмөрийн мөлжлөг үзүүлэх, байгаль орчинд хор хөнөөл учруулах зэргээр ёс зүйгүй бизнес эрхэлж буй, хэний ч мэдэхгүй газрын бүтээгдэхүүнийг сонгосноос дээр. Тэр дундаа, тансаг зэрэглэлийн брэндүүд нийгмийн хариуцлагын хүрээнд ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг. Брэнд бүтээгдэхүүний талаарх наад захын ойлголт бол чанар, хийцлэл, гар урчуудын урласан давтагдашгүй бүтээлийг үнэлж, түүнд мөнгөө зарцуулах тухай юм. Брэнд хэрэглээ, ритейл бизнес Монголд хөгжөөд удаагүй байна. Тиймээс энэ талын боловсролыг зах зээлд түгээнэ гэдэг нэг өдрийн дотор хийх ажил биш.
Хослол бол хөрөнгө оруулалт!
Ойролцоогоор 20 хослол, 20 дан пиджак шүүгээнд маань бий байх. Ер нь эрэгтэй хүн олон хослол, дан пиджактай байвал зүгээр. Учир нь эрэгтэй хүний хувцасны шүүгээнд хамгийн удаж буй бүтээгдэхүүн бол энэ хоёр. Нэгт, хослол хүнийг цэгцтэй харагдуулдаг. Монголчуудын дунд хослолыг албан ёсны үеэр л өмсдөг гэх ойлголт давамгайлдаг. Гэтэл өнөөдөр хослолтойгоо зохицуулан сникерс өмсөж байна. Дан пиджакаа футболк, жинстэй хослуулж өмсөөд Тэрэлж явах ч боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, хослолын тусламжтай ажил хэрэгчээс эхлээд street style гэх мэт олон төрлийн стиль бүрдүүлэх боломжтой. Хоёрт, хослол бол хөрөнгө оруулалт. Тааруухан хослол өмссөнөөс өмсөөгүй нь дээр. Нэгмөсөн сайн хослол л өмсөх хэрэгтэй. Хослолоор нь эр хүнийг дүгнэнэ. Нөгөө талаар, хослолыг хуурай хими цэвэрлэгээнд өгч, цэвэр цэмцгэр байдлыг нь хадгалдаг ч тэр тоолонд хувцсаа химийн элементээр гэмтээж байна гэсэн үг. Хоёр долоо хоног, сар тутам хослолоо хими цэвэрлэгээнд өгөөд байвал “тэсэхгүй”. Тиймээс дээрх шалтгаануудаас үүдээд та олон хослолтой байх хэрэгтэй.
“Мэргэжлийн өвчин”
Хамгийн их анхаардаг зүйл маань бүрэн цогц байдлаар хувцаслах. Хослол өмссөн хэрнээ зангиа зүүхгүй байх зэргээр “дутуу” хувцаслах хандлага хүмүүст их ажиглагддаг. Ер нь хувцас, хоол, ажил гээд юуг ч бүрэн хийх хэрэгтэй гэж боддог. Жишээлбэл, хоолны хажууд салат байвал таатай санагддаг шиг бүрэн гүйцэд байх тухай л яриад байгаа хэрэг. Хоёрт, өнгөний зохицол. Хааяа би сэтгэл зүйн байдлаасаа хамаарч, өөртөө таалагдахгүй хувцаслачихвал тэгсхийгээд л гэртээ харьдаг. Тавгүй санагддаг юм. Ер нь энгийн, чөлөөт байдлаар хувцасласан үедээ оффистоо үзэгдэх нь ч бага. Зөв хувцаслах гэдэг “Хаана?”, “Хэзээ?, “Хэнтэй”, “Юунд зориулж өмсөх вэ?” зэрэг асуултад хариулж байх учиртай. Би өөрөө загварын салбарт ажилладаг болоод ч тэр үү хувцаслалт миний биеэ авч явах байдал, ая занг өөрчилдөг. Өөрийгөө анзаараад байхад зангиа зүүж гарах, зүүгээгүй гарах нэг өөр байдаг.
Хоббин дундах хобби
22 настайгаасаа эхлэн хувийн бизнес эрхэлсэн учраас надад өөртөө зориулах цаг зав төдийлэн гардаггүй байсан. Тиймээс гадаад руу ажлаар явах, аялах нь өөрөө өөртэйгөө ярилцах, ойлгох, цаг зарцуулах боломжит хугацаа байж ирсэн. Энэ утгаараа аялал бол миний хобби гэж хэлж болно. Одоогоор Ази, Европын цөөнгүй улсаар аялсан байна. Харин ирээдүйд Африк, Араб, Өмнөд Америкийн орнуудаар аялах хүсэлтэй. Аялахдаа юуны түрүүнд би тухайн газрын хамгийн гоё хоолтой гэсэн рестораныг зорьж очдог. Энэ бол миний хоббин дундах хобби. Шинэ газар очихдоо хаана содон, гоё, алдартай хоолтой ресторан байна гэж үргэлж эрэлхийлдэг.
Верона хот
Европт бараг хот бүр нь аяллын цоо шинэ маршрут байдаг. Тухайлбал, Италийн тосгон бүр нь ямар нэг зүйлээрээ алдартай байх нь бий. Ер нь би Италидаа л дуртай (инээв). Үнэхээр сайхан газар. Италичууд өөрсдөө газар нутгийнх нь бараг 50 км тутам өөр гэж ярьдаг. Хоол, соёл, хэв маяг зэрэг бүх зүйл нь өөр байдаг гэдэг утгаараа. Эхлээд би хүн бүрийн мэдэх, алдартай маршрутууд болох Венец, Флоренц, Ром зэрэг хотоор аялж байлаа. Гэхдээ эдгээр хотоос гадна надад маш их таалагдсан хот бол Верона. МЭӨ байгуулагдсан энэ хотын гудамж, барилга байгууламжийн зөвхөн деталь хэсэг нь гэхэд л Юнескогийн өвд бүртгэлтэй байх жишээтэй. Дээр нь хоолны соёл нь ч их таалагдсан. Эндхийн хүмүүс адууны махаа борцолж, үйрүүлээд ризотто, пастан дээрээ яг л бяслаг шиг цацаж иддэг нь тун сонирхолтой санагдсан.
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 06 сарын дугаар (№55) -т хэвлэгдсэн нийтлэл –