– Business.MN сэтгүүлийн 2024 оны 01 дүгээр сарын дугаар (№62) -т хэвлэгдсэн нийтлэл –
Монголд онлайн худалдааны платформ хөгжүүлэх цөөнгүй төсөл хэрэгжиж байсан ч ихэнх нь амжилт олоогүй байдаг. Харин тэдгээрээс хамгийн амжилттай хэрэгжиж, зах зээл дэх байр сууриа бэхжүүлж, хэрэглэгчдийн дунд танигдаж чадсан нь Shoppy. Тэд эхлээд томоохон брэндүүдтэй хамтран бүтээгдэхүүн, үйлчилгээг нь онлайн орчинд, өөрсдийн хөгжүүлсэн платформд байршуулж, хэрэглэгчдэд хүргэх моделиор ажилласан нь амжилт олжээ. Өөрөөр хэлбэл, онлайнаар захиалсан бараа бүтээгдэхүүн зураг шигээ байдаггүй гэх олны хандлагыг эвдэхийн тулд чанартай брэнд бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэхийг зорьсон юм. Өдгөө Shoppy -оор давхардсан тоогоор олон мянган хүн үйлчлүүлдэг, өргөн танигдсан онлайн худалдааны платформ болон өргөжөөд байна. Тэгвэл энэ удаагийн “Хобби” булангийн зочноор тус компанийн гүйцэтгэх захирал Ш.Батзулыг урилаа. “Олноо танигдсан нэр маань Базу” хэмээн хошигносон тэрбээр тун спортлог нэгэн бөгөөд өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төдийлөн ярилцлага өгч байгаагүй гэж хариулсан юм. Ингээд тэр чухам ямар, ямар спортоор хичээллэдгийг хамтдаа сонирхъё.
Сөүл дэх эхлэл
“Фитнесс зогсолтгүй, тууштай байх чадварыг хүнд олгодог. Мөн аливаад нугарч хугарахгүй, хэр баргийн зүйлээс айж шантрахгүй байх тэр чанарыг ч өгдөг”.
Программист мэргэжилтэй Базу мэргэжлээрээ хэсэг ажиллаад Сөүлийн их сургуульд магистрын зэрэг хамгаалахаар Өмнөд Солонгосыг зорив. 10 жилийн сурагч байхдаа хичээлээ сайн давтдаг, үүнийхээ хажуугаар шатар, даам их тоглодог хүүхэд байв. Харин биеийн тамир, спорт төдийлөн сонирхож явсангүй. Оюутан болсон хойноо ч мөн ялгаагүй хичээлээ хийж, код бичээд л явдаг байв. Тухайн үед Монголд хүмүүс спортоор хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг чухалчлах үзэгдэл өнөөдрийнх шиг дэлгэрээгүй байж. Сөүлийн их сургуульд суралцаж байхдаа эргэн тойрны хүмүүсээ ажиглахад хичээл сургуулиас гадна спортоор хичээллэж эрүүл мэнддээ анхаардаг, бүр амьдралын хэв маягаа болгосон байдгийг тэр харжээ. Эндээс үлгэр дуурайл авч фитнессээр анхлан хичээллэж эхэлсэн нь 2009 он. Түүнээс хойш фитнессээр тасралтгүй хичээллэж буй Ш.Батзул “Фитнесс зогсолтгүй, тууштай байх чадварыг хүнд олгодог. Мөн аливаад нугарч хугарахгүй, хэр баргийн зүйлээс айж шантрахгүй байх тэр чанарыг ч өгдөг” гэлээ.
Бямба гарагийн шийдэл
Магистрын зэргээ амжилттай хамгаалж ирээд Unitel компанид ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа маш олон төсөлд гар бие оролцож, хэрэгжүүлжээ. Үүний дараа U-Point компанийг эхнээс нь гардан хөгжүүлж, үйл ажиллагааг нь жигдрүүлж, Бизнес хөгжлийн захирлаар ажиллаж байгаад Монголд харьцангуй шинэ тутам онлайн худалдааны зах зээлд хүч сорихоор Shoppy -д ирсэн байна. Энэ зуур фитнессээ орхилгүй хичээллэсээр байсан тэрбээр ууланд алхах болсон нь 2012 он. Ингээд угийн тууштай зангаараа дөрвөн жил орчим бямба гараг бүр ууланд алхжээ. Тухайн үед ууланд алхдаг хүн одоогийнхтой харьцуулшгүй цөөн байв. Гэтэл нэг асуудал үүссэн нь уулнаас буух үед өвдгөнд ачаалал их ирдгээс өвдөх болсон байна. Эндээс “Яаж уулнаас өөрт илүү амар байдлаар буух вэ?” гэж бодох болсон аж. Шийдэл нь параглайдинг (paragliding) буюу шүхрийн спорт байв. Эхлээд шүхрээ үүрч, уул руу гараад дараа нь шүхрээр нисэж бууна гэсэн үг. 2019 оноос хойш параглайдингаар хичээллэж буй Базу өдгөө P4 түвшний сертификаттай бөгөөд тандем нислэг үйлдэх эрхтэй юм (P4T1). Шүхрийн спорт нь FAI олон улсын холбооны дүрэм, стандартын дагуу явдаг бөгөөд тамирчдын ур чадвараас шалтгаалан P1-P5 хүртэлх шатлалын сертификат болон олон улсын үнэмлэх олгодог байна. Харин тандем нислэгийг илүү урт хугацаанд үргэлжилдэг, зорчигчтой нислэг гэж ойлгож болно. Базу бол Монголд зорчигчтой нислэг үйлддэг цөөн хүний нэг.
Зүүднээс бодит мэдрэмж…
Шүхрийн спортоор анхлан хичээллэж буй хүн эхлээд сургагч-чиглүүлэгчийн зааварчилгааны дагуу салхины чиглэл, хурд тодорхойлох зэргээр нислэгийн төлөвлөгөө хамтран гаргаснаар нисэж эхэлдэг байна. Үүний зэрэгцээ газрын бэлтгэл буюу шүхрээ задалж, дээрээ дэлгэх зэрэг техникт суралцах, уулын бэлтгэл буюу нисэх үйлдлийг багахан өндөрлөгөөс эхлэн аажим аажмаар өндрийг нь нэмж дасгах байдлаар давтана. Ингэхдээ далавчаа чиглүүлэхээс эхлээд агаар, орчны нөхцөл байдал, байгалийн тогтоц, буух газраа тооцоолох зэрэг нарийн ур чадварт суралцана. Энэ бүхэнд суралцахын тулд хүмүүс дунджаар жил гаруйн хугацааг зарцуулдаг аж. Бүх удирдлагыг гартаа авдаг нь эргээд бүх эрсдэлийг өөрөө үүрч, тооцоолж сурах хэрэгтэй гэсэн үг. “Нисэж сурсны дараа клубээрээ, олуулаа нисэх нь жинхэнэ аз жаргал. Ниснэ гэдэг багадаа зүүдэлдэг байсанчлан гүйж байгаад газраас гэнэтхэн хөөрөх, байшин дээрээс үсэрснээ дээшлэн нисэхтэй яг адил мэдрэмж.
Мотоцикль бол жолоочоос самбаачлах хурд, гадаад орчны бүх нөлөөллийг тооцоолох зэрэг нарийн мэдрэмж их шаарддаг. Энэ нь өөрөө бизнес хийхэд богино хугацаанд шийдвэр гаргах, олон төрлийн мэдээллийг нэгтгэж зөв шийдэл гаргах зэрэгт шаардагддаг чадваруудтай төстэй.
Онгоцоор зорчих үед дайвалзах, машинаар өндрөөс доош хурдтай буухад төрдөг мэдрэмжтэй ч төстэй гэж тайлбарлаж болно. Нэг үгээр, үнэхээр адреналин ялгаруулдаг гоё мэдрэмж. Шүхрээр нисэхээр анх очиход багш маань эрсдэлтэй спорт гэдгийг анхааруулаад, гэр бүлийнхэнтэйгээ сайн ярилцаж, гарын үсэг зуруулж ирэхийг хүсэхэд “Нээрэн юу билээ?” гэж бодогдож билээ” хэмээн Ш.Батзул хуваалцав.
Хобби бус хэв маяг
Багаасаа мотоцикльд хорхойтой тэрбээр их сургуулиа төгсөж, ажилд орсныхоо дараа анхны мотоциклио худалдан авч байв. Тухайн үед мөн л өнөөгийнхтэй адилгүй, мотоцикль унадаг хүн ховор байж. Харин түүнээс хойш буюу 2017, 2018 оноос Улаанбаатарт замын түгжрэл эрс нэмэгдсэн тул түгжрэлээс зайлсхийж мотоцикль ахин унах болжээ. Үүний үр дүнд, гэрээсээ ажил хүртэл цаг орчим явах хугацаагаа 5-10 минут хүртэл “товчилж” чаддаг. Ш.Батзул “Мотоцикль бол жолоочоос самбаачлах хурд, гадаад орчны бүх нөлөөллийг тооцоолох зэрэг нарийн мэдрэмж их шаарддаг. Энэ нь өөрөө бизнес хийхэд богино хугацаанд шийдвэр гаргах, олон төрлийн мэдээллийг нэгтгэж зөв шийдэл боловсруулах зэрэгт шаардагддаг чадваруудтай төстэй” хэмээлээ.
Өглөө 05:30 -д сэрж, өглөөний цайгаа уучихаад 06:30 -д гэрээсээ гарч 07:00-09:00 цагийн хооронд фитнесс заланд дасгал хийснийхээ дараа тэр ажилдаа ирдэг аж. Түүний хувьд ихэнх өглөө энэ хэв маягаар өрнөнө. Тиймээс спортоор хичээллэж, дасгал хөдөлгөөн хийх нь Ш.Батзулын хувьд хобби биш амьдралын хэв маяг гэж үздэгээ илэрхийлж байв. Мөн фитнессээр хичээллэж буй хүн урт хугацааны зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд тууштай зүтгэх, өөрийгөө байнга хөгжүүлж, урам зоригоор дүүргэх шаардлагатай болдог нь бизнесийн зарчимтай ч адил гэдгийг тэр онцолсон юм.