Монголчуудад дэлхийн брэнд амтыг анх танилцуулснаасаа хойш 23 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, тогтмол өсөлт үзүүлсээр ирсэн “М-Си-Эс Кока-Кола” компани сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжлийн чиглэлээр манлайлан ажиллаж, бодитой ажлуудыг хийж гүйцэтгэн, томоохон бүтээн байгуулалтуудыг цогцлоогоод байна.
“Кока-Колагийн түншээр танай компани шалгарчээ. Баяр хүргэе” гэж АНУ-ын Элчин сайдын яамнаас тэдэн рүү утас цохисон нь тэртээх 2001 он. Их ажил ингэж эхэлжээ. “Кока-Кола” компани Монголд үйлдвэрээ барих шийдвэр гаргаж, түнш хайж эхэлсэн бөгөөд дотоодын хэд хэдэн компани сонгон шалгаруулалтад оролцсоноос “М-Си-Эс Групп” шалгарч, албан ёсны франчайзинг эрхийг авч чаджээ.
“Кока-Кола хэмээх 138 жилийн түүхтэй дэлхийн том брэндийн “гэр бүл”-ийн гишүүн болсон нь бидэнд дэлхийн хэмжээний бизнесийн нөү-хау, мэдлэг, туршлагаас бодитоор суралцах үүд хаалгыг нээж өгсөн. Энэ бол дэлхийн стандартыг Монголдоо нутагшуулах зорилго, алсын хараатай манай группийн хувьд анхны томоохон алхмуудын нэг байлаа” хэмээн “М-Си-Эс Кока-Кола” компанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав хэлж байна.
Харин “Кока-Кола” компанийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр 2000 оноос өнөөг хүртэл ажиллаж буй Г.Зол-Орших “Яг үнэнийг хэлэхэд тэр үед ийм том ажил эхлүүлж буйгаа хэн хэн нь бүрэн ойлгоогүй, цаашдаа Монголын шингэн хүнсний зах зээлийн тэргүүлэгч компани болно гэдгээ ч төсөөлөөгүй явж байлаа. Дэлхийн брэнд орж ирж байгаа гэдгийг бол ойлгож, бахархаж байсан. Монголд Кока-Кола ууна гэдэг өөрөө маш шинэлэг зүйл байлаа. Хуучин бол долларын дэлгүүр, Баянгол, эсвэл Улаанбаатар зочид буудалд л лаазтай Кока-Кола байдаг байлаа шүү дээ” хэмээн хуучилсан нь бий.
Ингэж М-Си-Эсчүүд монголчуудад дэлхийн брэнд амтыг мэдрүүлжээ. Нөгөө талаар, Кока-Кола брэнд өөрөө “М-Си-Эс Групп”-ийн хувьд олон улстай чөлөөтэй харилцах, дараа дараагийн хөрөнгө оруулагчдыг татах гол үүд хаалга болсон ч гэж тэд үздэг. Кока-Кола бол зуун дамнан үнэ цэнээ бататгасан хүчирхэг брэнд. Үүний нууцыг чанар, стандарттай нь холбон тайлбарлаж болно. Энэ талаар Л.Мягмаржав “Бүтээгдэхүүний чанар, стандарт, сав баглаа боодлоос гадна хүрээлэн буй орчиндоо ээлтэй үйлдвэрлэл, ёс зүйтэй манлайлал зэрэг олон хүчин зүйлээс хэрэглэгчдэдээ хүргэх бидний үнэ цэн бий болдог. Энэ үнэ цэнийг үүсгэж буй бизнесийн систем, тогтсон процесс нь хүмүүсээс шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, манай компанийн өнөөдрийн хүрсэн өндөрлөг хамт олны маань хичээл зүтгэлтэй л холбоотой” хэмээн онцолсон.
Түүний 21 жилийн удирдлага дор “М-Си-Эс Кока-Кола” компани соёлын хувьд бүрэн төлөвшиж, менежментийн чадварлаг багийг цогцлоохын зэрэгцээ шинэ технологийг шат дараатай нэвтрүүлж, алба хэлтэс хоорондын уялдаа холбоо сайжран, бизнесийн хувьд улам чамбайрч ирсэн юм. Үүний үр нөлөөгөөр компанийн өсөлт өдрөөс өдөрт тэлж, өдгөө 21 брэндийн 160 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын оргилуун болон тогтуун ундаа, усны зах зээлийн 60 гаруй хувийг дангаар бүрдүүлж байна. Хоногт 1.5 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр нь 24 цагийн турш дөрвөн ээлжээр тасралтгүй ажиллаж буй.
“М-Си-Эс Кока-Кола” компани хоногт 1.5 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Өнөөдөр “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйлдвэр оргилуун ундааны тав, тогтуун ундааны хоёр савлах шугамтайгаар үйл ажиллагаа явуулж, “Кока-Кола” компанийн үйлдвэрүүдэд тавигддаг KORE шаардлагуудыг ханган ажиллаж байна. Мөн Лабораторийн итгэмжлэлийн стандарт, Чанарын удирдлагын тогтолцоо, Байгаль орчин, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Хүнсний аюулгүй байдал гэсэн үндсэн таван ISO стандартыг үйлдвэртээ нэвтрүүлж, түүхий эд татан авахаас эхлээд бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчдийн гарт хүрэх хүртэлх бүхий л шатны хяналтыг олон улсын стандартын дагуу гүйцэтгэж буй.
Үүний зэрэгцээ 2009 оноос хойш үйлдвэрлэлийн хүчин чадлаа тогтмол сайжруулж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2020 онд цагт 50 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шугам ашиглалтад оруулсан бол ирэх жил буюу 2025 онд цэвэр жүүс, цайны агууламжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ шугамыг нэвтрүүлэхээр төлөвлөж, төслийн ажилдаа хэдийнэ оржээ. Томоохон хөрөнгө оруулалт шаардаж буй уг төсөл амжилттай хэрэгжсэнээр импортоор орж ирдэг сайн чанарын жүүс, савласан цайтай дүйцэхүйц амт, чанартай бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж эхлэх юм. Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав “Энэ бол бидний хийж буй стратегийн түвшний ажлын нэг хэсэг. Бид импортыг орлоно. Цаашид түүхий эд, материал, сав баглаа боодлоо ч дотооддоо үйлдвэрлэж, тээвэр ложистикийн хувьд бусдаас хамааралгүй болох төлөвлөгөө бидэнд бий” хэмээн хуваалцлаа.
Оны өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан түүнийг хүнсний үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн цохон тэмдэглэжээ. Гэхдээ Л.Мягмаржавын хувь нэмэр, нөлөө зөвхөн хүнс үйлдвэрлэлийн салбараар хязгаарлагдахгүй гэдгийг та тун удахгүй олж мэдэх болно.
3R -ийн философи
“Хэрэглэхээ больж, хаясан зүйлийг хог гэж нэрлэж болохгүй”.
– Энди Уорхол
“Өдрийн хоолны дараа Кока-Кола голдуу уудаг. Ер нь хэмжээгээ барих тухай л асуудал” хэмээн Л.Мягмаржав буюу ажилтнуудынх нь дотночлон дууддагаар Мийгаа захирал хариулсан юм. Амгаланд байршилтай “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйлдвэр, оффис хосолсон цогцолборын голд байрлах ногоон байгууламжийн сандал дээр суунгаа тэр ийн өгүүлсэн бөгөөд өдрийн хоолны цаг таарсан тул Кока-Кола гэсэн лого бүхий төрөл төрлийн хувцастай хүмүүс эргэн тойронд амарч тухлан, өөр хоорондоо ярилцан инээлдэх аж. Бяцхан гүүрний арын усан оргилуурын чимээ яриаг нь сонсоход бага зэрэг төвөгтэй болгож байсан ч “Богино хугацааны бизнесийн өсөлтөөс илүү компанийн урт хугацааны хөгжил чухал” хэмээх түүний үг “тод” сонсогдлоо. Үнэхээр ч “М-Си-Эс Кока-Кола” компани зөвхөн ашигт ажиллагааны араас хөөцөлдөх бус байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) -ын чиглэлээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрээд байгаа юм.
“Сүүлийн үед хуванцрыг хог хаягдал биш харин хэрэглээ гэж үзэх болсон. Хуванцрыг хаявал хог, ангилбал хэрэглээ болно”.
Энэ бүхэн дэлхий дахинд хүчээ авч буй Doing Well by Doing Good буюу “Сайныг бүтээхдээ сайн сайхныг бүтээхүй” гэсэн үзэл санаатай ч өнгө хоршиж буй. Өөрөөр хэлбэл, ямар салбарт ажилладгаас үл хамаарч тухайн бизнес байгаль, нийгэм, хүн төрөлхтний сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь урт удаан орших тогтнох, өрсөлдөх чадвараа хадгалах гол хүчин зүйлсийн нэгт тооцогдох болсон билээ. Энэ чиглэлээр НҮБ -аас танилцуулсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 13 -т нь хамаарах ажлыг “М-Си-Эс Кока-Кола” компани өдгөө үйл ажиллагаандаа бодитоор хэрэгжүүлж байна. Үүгээр зогсохгүй ирэх таван жилийн стратеги төлөвлөгөөндөө зургаан үндсэн зорилт тусгасны нэг нь “Тогтвортой хөгжлийн манлайлагч” байх. Үүний тулд 3R (Reduce, Recycle, Reuse) буюу бууруулах, дахин боловсруулах, дахин ашиглах зарчмыг тэд баримталж байна.
Хуванцар дахин боловсруулах TML Plastic үйлдвэр
“Кока-Кола” компанийн санаачлан хэрэгжүүлж буй “Хуванцрын хаягдалгүй дэлхий” санаачлагад “М-Си-Эс Кока-Кола” компани ч мөн нэгдэж, томоохон ажлууд хэрэгжүүлж эхлээд байна. Мөн тэд олон нийтэд хандан хогоо ангилан ялгаж хаяхыг уриалж буй. Энэ талаар Л.Мягмаржав “Сүүлийн үед хуванцрыг хог хаягдал биш харин хэрэглээ гэж үзэх болсон. Хүмүүс ашигласан хуванцраа хогийн саванд хаяхдаа хог биш хэрэглээ гэдэг үүднээс хандаж, ангилж ялгаж хэвших хэрэгтэй. Хуванцрыг хаявал хог, ангилбал хэрэглээ болно” гэлээ.
2021 онд 17 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хуванцар дахин боловсруулах TML Plastic үйлдвэрийг байгуулж, ашиглалтад оруулав. Уг үйлдвэр “М-Си-Эс Кока-Кола” компанид хуванцар сав нийлүүлэгч TML группийн хөрөнгө оруулалтаар байгуулагджээ. Тэд 2030 он гэхэд борлуулсан ус, ундааны бүх хуванцар саваа дахин боловсруулах зорилт тавиад байна.
Үйлдвэрийн гадна талбайд гол түүхий эд болох пресслэсэн хуванцрыг Монголын өнцөг булан бүрээс цуглуулан авчирч, ялган хураасан нь бараг л “уул, овоо” мэт харагдана. Эдгээр хуванцрын тодорхой хувийг TML үйлдвэрийн дэргэдэх SESL Smart Solution охин компани тодорхой цэгүүдээс цуглуулж, тээвэрлэн энд авчирдаг.
Хуванцар савнууд үйлдвэрийн дамжлагад орж ирж буй нь. Өнгөрсөн оны байдлаар “М-Си-Эс Кока-Кола” компани нийт борлуулсан PET-1 тэмдэглэгээтэй бүтээгдэхүүний хуванцар савны 40 хувийг буцаан цуглуулж, дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгчээ. TML үйлдвэр жилд 27 мянган тонн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай.
Хоёр шат дамжлага бүхий TML Plastic үйлдвэр нь хоёр төрлийн түүхий эд үйлдвэрлэдгийн нэг нь хүнсний зориулалтаар ашиглах боломжтой rPET мөхлөг. Хуванцрыг олон шат дамжлагаар угааж цэвэрлэн хэрчиж, улмаар хэрчдэсээ өндөр температурт хайлуулан, талсжуулснаар гарган авна.
Хуванцрын жинг бууруулав
“М-Си-Эс Кока-Кола” компани 2014 оноос эхлэн сав, баглаа боодлынхоо жинг бууруулж, нийт 387 тонн хуванцар хэмнэжээ. Тухайлбал, 330 мл, 500 мл савлагаатай Bonaqua усныхаа савны жинг бууруулснаар нийт 48 тонн хуванцрыг хэмнэсэн байна.
Чихрийн хэмжээг бууруулав
Тогтвортой хөгжлийн бодлогыг бизнесийн бодлоготойгоо уялдуулж, хэрэглэгчдэд чихэргүй болон чихэр багатай ундааг санал болгож эхлэв. Нийт 47 төрлийн амтны есөн амт нь чихэргүй, 13 амт нь 100 гр ундаанд ногдох чихрийн хэмжээ нь таван хувиас бага байна. Цаашид жил бүр 1-2 ундааны чихрийн хэмжээг бууруулах зорилт тавьжээ.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь
Дотоодын хүнсний салбарынхан дундаа агаарын бохирдол үүсгэхгүй, байгальд ээлтэй анхны хийн зуухыг ашиглалтад оруулж, түүхий нүүрсний хэрэглээг халж чадсан үйлдвэр болсноороо онцлог. Ингэснээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг жилд 4800 тонноор бууруулж байна.
“М-Си-Эс Кока-Кола” компани 12 мянган орчим хөргөгч, хөргөлтийн тоног төхөөрөмжтэй бөгөөд үүний 73 хувь нь байгальд ээлтэй хөргөлтийн бодис агуулдаг.
2014 онд ашиглалтад орсон шинэ агуулахдаа баттерей цэнэглэх хэсгийг суурилуулснаар газаар ажилладаг байсан сэрээт өргөгчийг баттерейгаар ажилладаг болгожээ.
Үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламж
“М-Си-Эс Кока-Кола” компани 2010 онд Хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулсан бөгөөд хоногт 2000 тонн үйлдвэрийн хаягдал усыг стандартын дагуу цэвэршүүлэх хүчин чадалтай. Үүгээрээ хүнсний салбартаа анхдагч болсон уг үйлдвэрийн онцлог нь хаягдал усыг 99.9 хувь цэвэршүүлдэг бөгөөд загас ч амьдрах боломжтой. Тэд нийгмийн хариуцлагын үүднээс дахин боловсруулсан усаа зохих байгууллагуудад үнэ төлбөргүй өгч ашиглуулдгийг онцлох хэрэгтэй.
Усны хэрэглээг бууруулах нь
“М-Си-Эс Кока-Кола” компани байгуулагдсан цагаасаа эхлэн “Усны үр ашигтай хэрэглээг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлсээр иржээ. Өнгөрсөн оны байдлаар нэг литр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 2.19 литр ус ашиглаж буй нь улсын дунджаас зургаа дахин бага үзүүлэлт юм. Цаашлаад тэд нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх усны зарцуулалтаа 1.7 литр болгохоор зорьж байна.
Аз жаргал үйлдвэрлэгч
“Хүмүүс манай бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хүсэж, гараа сунгаж л байгаа бол бид гарт нь бариулж байх ёстой. Энэ бол гол зарчим”.
Өнгөрсөн хугацаанд Кока-Кола брэнд спорт, соёл урлагийн томоохон арга хэмжээ, тэмцээн уралдаантай салшгүй холбогдож ирсэн. Брэндийн онцлог нь ч эрч хүч, хурд, адреналин зэрэг үгтэй илүү хоршиж сонсогддог. Тиймдээ ч “М-Си-Эс Кока-Кола” -ийн хамт олон санаачлан 2005 оноос хойш Sprite брэндээрээ дамжуулан Монголд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд анхаарч, залуусын дунд тэмцээн уралдаан зохион байгуулах зэргээр тасралтгүй дэмжиж иржээ. Эхний жилүүдэд тэд нийслэлийн дүүрэг бүрд сагсны талбай тохижуулсан ч засвар үйлчилгээг нь хариуцах хүнгүй байсан тул төд удалгүй эвдэрч, тоногдсон аж. Эндээс аливаа спортыг дэмжихийн тулд зөвхөн талбай тохижуулах хангалтгүй гэдгийг ойлгож авсан байна.
Өдгөө 21 брэндийн 160 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын ус, ундааны зах зээлийн 60 гаруй хувийг дангаар бүрдүүлж байна.
Ингээд багийн спортын хөгжлийг эрчимжүүлэх, тэр дундаа сагсан бөмбөг сонирхогчдыг дэмжих зорилгоор гудамжны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлэлтэй “Спрайт Лиг”-ийг 17 жилийн турш тасралтгүй зохион байгуулж ирсэн нь FIBA 3×3 төрөл Монголд хурдтай хөгжих үндсийг тавьжээ. Улмаар монголчууд анх удаа багийн спортын төрлөөр олимпт өрсөлдөх эрх авахад ч энэ бүхэн зохих ёсоор нөлөөлсөн гэж хэлж болно. “Спрайт Лиг” олон жилийн турш тасралтгүй зохион байгуулагдах явцад брэнд маань өөрөө сагсан бөмбөг мэт сонсогддог болсон. Нэг үгээр, Sprite гэх үг нь сагсан бөмбөг гэж хэлж буйтай адил сонсогддог” хэмээн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав ярилаа.
Мөн тэд уламжлал ёсоор энэ зун зохион байгуулагдаж буй спорт, соёл урлагийн бүхий л томоохон арга хэмжээг ивээн тэтгэж, дэмжин ажиллаж байгаа. Тухайлбал, Европ тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн /ЕВРО-2024/, “Парис 2024” олимп, Playtime хөгжмийн наадам, Үндэсний их баяр наадам гэх зэргээр дурдвал урт жагсаалт болно. Үүгээрээ тамирчид, уран бүтээлчдийг дэмжихээс гадна залуусын спортод хандах хандлагыг өөрчилсөөр байгаа юм. Түүнчлэн арга хэмжээг зорин ирсэн хүмүүсийг Кока-Кола ундааны өвөрмөц, хэзээд шинэлэг амтаар сэргээж, баяр цэнгэл, аз жаргалын бэлгэдэн, адреналин ялгаруулж байдаг билээ. Энэ уламжлал тэртээх 1928 оны Амстердамын Олимпоос эхлэлтэй бөгөөд өнөөг хүртэл дэлхийн өнцөг булан бүр дэх Кока-Колагийн төлөөллүүд тасралтгүй үргэлжлүүлсээр байна.
“М-Си-Эс Кока-Кола” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахын хажуугаар Л.Мягмаржав өдгөө Монголын сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, мөн МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн төдийгүй Монголын хүнсчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай нийгмийн өндөр идэвхтэй нэгэн.
Түүнтэй 20 жил мөр зэрэгцэн ажиллаж буй хамтран зүтгэгч нь “Мийгаа захирал эдийн засагч мэргэжилтэй, багшаар ажиллаж байсан хүн учраас бусдыг сургаж хөгжүүлэхэд их анхаардаг. Гадаад, дотоод зах зээлийн мэдлэг, мэдээлэл маш өндөр. Зах зээлээ гүнзгий түвшинд ойлгож, таньж мэддэг болоход нь эдийн засагч мэргэжил нь их нөлөөлсөн байх. Энэ нь өөрөө түүний давуу тал. Тэр бол чадварлаг менежер, бас удирдагч” хэмээсэн юм.
Дэлхийн соёлыг авчирсан Кока-Кола
“Кока-Кола брэндийг нууц жортой гэж ярьдаг. Гэвч энэ нь бүтээгдэхүүний орц, найрлагад бус, зах зээлд хэрхэн хүргэж буй арга ажиллагаанд оршдог”.
“М-Си-Эс Кока-Кола” компани тав таван жилээр стратеги төлөвлөгөөгөө боловсруулдаг бөгөөд ирэх таван жилд тогтвортой хөгжлийн чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаас гадна хэрэглэгч, харилцагчдыг холбосон платформ хөгжүүлэх, харилцаа холбоог автоматжуулж, хялбаршуулах чиглэлээр мөн ажиллана гэдгээ хуваалцлаа. Байгуулагдсан цагаасаа хойш хэрэглэгч, харилцагчид руугаа чиглэсэн шинэлэг ажлууд санаачилж, шинэ нөү-хау нэвтрүүлэн зах зээлд анхдагч болж ирсэн баялаг түүхийг тэд өнгөрсөн хугацаанд бүтээсэн билээ. Тухайлбал, урьдчилан захиалга авсны дагуу бүтээгдэхүүнээ хүргэж өгөх, хүргэж өгөөд зогсохгүй тухайн дэлгүүрийн лангуун дээр харагдах байдал, өрөлтийг стандартын дагуу гүйцэтгэх, худалдааны төлөөлөгчид нь тодорхой алхмуудыг ягштал мөрдөн харилцагчидтайгаа хамтран ажиллах, зөвлөх зэргээр 2000 оны эхэн үед байгаагүй бизнесийн арга барил, процессыг “М-Си-Эс Кока-Кола” -ийнхан л нэвтрүүлсэн юм.
Энэ талаар 2001 оноос одоог хүртэл компанидаа 23 жил тасралтгүй ажиллаж, худалдааны төлөөлөгчөөс борлуулалт хариуцсан захирал хүртлээ өсөн дэвшсэн төдийгүй хамт олноосоо “борлуулалтын эцэг” гэх нэр хүртэл аваад амжсан Б.Мэндсайхан “Би компанийнхаа анхны таван худалдааны төлөөлөгчийн нэг болж байлаа. Тухайн үед Кока-Кола зах зээл дэх бусад бүтээгдэхүүнээс илүү өндөр үнэтэй байсан нь борлуулахад тун хүндрэлтэй байсан. Гэхдээ давуу тал нь амт, чанар, стандарт гэдгийг бид сайн мэдэж байлаа. Тиймээс ундаануудаа сагсанд хийгээд нэг харилцагчаас нөгөөгийн хооронд уйгагүй явдаг байв. “Кока-Кола” компаниас сургалт, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцдаг, бид ч цаг наргүй ажилладаг байсан. Тэр утгаараа манай компанийн амжилт бол чадварлаг хамт олны маань олон жилийн уйгагүй, нөр их хөдөлмөрийн үр дүн” хэмээв. Түүнийхээр худалдааны төлөөлөгчид бол тухайн компанийн нүүр царай. Хамгийн түрүүнд, тэд л харилцагчдад компаниа таниулж, нүүр тулж уулздаг, галын шугамд зогсож байдаг учраас тэр. Түүнчлэн “М-Си-Эс Кока-Кола” -ийн хамт олон Монгол Улсын түүхэнд худалдааны төлөөлөгч хэмээх албан тушаалыг анх бий болгож, бизнесийн орчинд нутагшуулсан анхдагчид гэдгээрээ бахархдаг.
Өдгөө Улаанбаатар хот болон 21 аймгийн хэмжээнд 21 менежер, 100 гаруй худалдааны төлөөлөгчтэй том алба болж өргөжсөн тус компанийн борлуулалтын баг есөн алхамт сургалтын зарчмыг ягштал мөрдөн, стандартын дагуу ажиллаж байна.
Ийнхүү борлуулалт өсөхийн хэрээр түгээлтийн системээ илүү процессжуулж, автоматжуулах шаардлагатай болжээ. “Кока-Кола” -ийн франчайз эрх эзэмшигчид дунд Монгол шиг үйлдвэрлэлээ ч явуулж, дистрибьютерээ ч хийдэг газар тун ховор. Тус компанийн нэвтрүүлсэн үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнээ шууд дэлгүүрт хүргэж өгөх шууд түгээлтээр борлуулах систем (Direct Sales Distribution) нь хамгийн их хөрөнгө оруулалт шаарддаг. Гэхдээ “М-Си-Эс Групп” -ийн хамт олон Кока-Кола брэндээс өмнө дэлхийд алдартай Procter & Gamble компанийн албан ёсны дистрибьютер болж, олон улсын жишигт нийцсэн түгээлт, худалдааны системийг дотоодын зах зээлд нэвтрүүлж эхлээд байсан нь энэ чиглэлээр тодорхой туршлагатай төдийгүй бусдаас түрүүлж алхаж байсныг нь гэрчилдэг. Тиймдээ ч Кока-Кола брэндийн үйлдвэрлэгч болон харилцагчийг холбодог гол цэг болох түгээлтийн системээ богино хугацаанд автоматжуулж, цэгцэлж чаджээ. Өдгөө улс орон даяар 16 мянга гаруй харилцагчтай “М-Си-Эс Кока-Кола” компани “Хаалганаас хаалганд” зарчмыг баримтлан харилцагчдынхаа хүссэн бүтээгдэхүүнийг тогтсон хугацаанд, захиалсан хэмжээгээр нь бүрэн бүтэн, түргэн шуурхай түгээн ажиллаж байна.
Хоёр дахь гэр
Ажиллахад тун таатай, орчин нөхцөлтэй төдийгүй нэг төрлийн сургуульд элссэн мэт байнгын сурч, хөгжих боломжоор дүүрэн байдаг нь “М-Си-Эс Кока-Кола” -ийн онцлог.
Амгаланд буюу хотын зүүн захад байршилтай “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйлдвэр болон үндсэн оффис нь маш тав тухтай учир ажилтнууд нь энд хотын төвөөс зайдуу гэж санаа зоволгүй амар жимэр ажилладаг. Энд ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгээс гадна спорт заал, дасгалын өрөө, эх хүүхдийн өрөө, олон сонголттой хоолны газар, караоке бий. Мөн хүсвэл мэргэжлийн бариачаар үйлчлүүлэх ч боломжтой. Амгалан дахь үндсэн оффисоос гадна хүртээмжтэй ажлын байр бий болгох зорилгоор хотын баруун болон зүүн бүсэд салбар оффисоо нээсэн нь ажилтнуудынхаа талархлыг хүлээжээ. Үүний зэрэгцээ уян хатан цагийн хуваарьтай учраас ажилтан өөрөө цагаа зохицуулан ажиллахад бүрэн нээлттэй байдаг.
Компанийн нас насны төлөөллөөс бүрдсэн 1100 орчим ажилтны 28 хувь нь эмэгтэй, тэр дундаа удирдах ажилтнуудын 47 хувь нь эмэгтэй бөгөөд 2030 он гэхэд энэ тоог 50 хувь болгох зорилготой. Мөн тус компани томоохон аж ахуйн нэгжийн үүргээ ухамсарлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор онцлог, ялгаатай байдалд нь тохирсон ажлын байр бий болгоход анхаарсаар ирсэн юм. Үүний үр дүнд, харааны, сонсголын болон бусад хөгжлийн бэрхшээлтэй 33 ажилтан захиргаа, түгээлт, бариа засал зэрэг хэлтэст бүтэн болон бүтэн бус цагаар ажиллаж байна. Тэдний хувьд ажил дээрээ илт ялгаварлан гадуурхалтад өртдөггүй хэмээн нийтлэг хариулдгийг тус компанийн “Тогтвортой хөгжлийн тайлан” -аас үзэж болно.
2007 оноос хойш “М-Си-Эс Кока-Кола” компанийн Чанарын хэлтэст ачигчаар ажиллаж буй С.Мэндсайхан бол тэдний нэг. Ажилд орсон сар, өдрөө одоо ч тодхон санадаг тэрбээр компанидаа ажиллахдаа нэн таатай байдгаа хуваалцаад цаашид ч тогтвортой ажиллах сонирхолтой хэмээн хариулсан юм. С.Мэндсайхан сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл учраас түүнтэй дохионы хэл мэдэх нэгнийг байлцуулан ярилцсан билээ. Тэрбээр “М-Си-Эс Кока-Кола” компанид ажилласнаар тогтмол цалин, урамшууллаас гадна байгууллагын төрөл бүрийн хангамж авч буй хэмээсэн. Мөн энэ олон алба хэлтсийн залуустай мөр зэрэгцэн ажиллаж буйгаараа бахархдаг гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Бидний стратегийн түвшинд хийж буй ажлын нэг хэсэг нь импортыг орлох. Цаашид түүхий эд, материал, сав баглаа боодлоо ч дотооддоо үйлдвэрлэж, тээвэр ложистикийн хувьд бусдаас хамааралгүй болох төлөвлөгөөтэй”.
Тэд компанидаа дотоод сургалтын CokeLearn нэртэй сургалтын менежментийн систем (LMS буюу Learning management system) -ийг хөгжүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн болон суурь ур чадварыг хөгжүүлэх сургалтуудыг зохион байгуулахаар ажиллаж буйгаа дуулгасан. Үүнээс гадна хэрэв ажилтан өөрөө хүсвэл “М-Си-Эс Групп” -ийн дэргэдэх MCS Academy-ийн сургалтуудад ч хүсэлт илгээн, хамрагдах боломжтой байдгийг ч онцоллоо. Өнгөрсөн онд гэхэд л танхимын болон онлайн хэлбэрээр нийт 169 сургалт зохион байгуулсан бөгөөд энэ нь “М-Си-Эс Кока-Кола” -чууд нийт 15,025 цагийн сургалтад хамрагдсан гэсэн үг.
Ажилтнуудаа тасралтгүй сургаж, хөгжүүлэхэд энэ мэтээр онцгойлон анхаардаг Л.Мягмаржав захирал өөрийн удирдах арга барилаа олон талыг сонсож ажилладаг хэмээн тодорхойлсон юм. Шийдвэрийг ч талуудын байр суурийг сайтар сонсож, олон хүчин зүйлийг харгалзсаны үндсэн дээр гаргадаг гэлээ. Мөн түүний баримталдаг гол зарчим бол бүхний түрүүнд хүнээ тавих гээд энэ санаагаа англиар илүү тодорхой илэрхийлж, “Hard on facts, soft on people” гэж хэлээд инээмсэглэсэн билээ. Зургадугаар сарын нар төөнөсөн халуун өдөр “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйлдвэрийн гадна талбай дахь сүүдрэвчид өрнүүлсэн бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм.
– Business.MN сэтгүүлийн 2024 оны 06 дугаар сарын дугаар (№67) -ын ковер нийтлэл –