Энэ бол маш чухал асуулт. Эрх чөлөөнд хүрэх мөрөөдөлдөө автсан бизнес эрхлэгчдийн өөрөөсөө асуудаггүй хамгийн чухал асуултуудын нэг ч байж магадгүй. Шөнө дунд төрсөн санаандаа автаж догдолсон бидэнд энэ асуултын хариуг мэдэх ч хүсэл байдаггүй. Бизнесээ эхлүүлэх нь бидэнд олдсон цорын ганц боломж гэдэгт итгэхдээ дахин хэзээ ч ийм “гоё” санаа орж ирэхгүй гэж боддог. Хэрэв та энэ асуултыг тавьж өөртөө “аудит” хийхгүй бол ирээдүйд өчнөөн асуудалтай нүүр тулна.

Ямар асуудал гээч? Аливаа шинэ зүйл санаачлахдаа бид олох ашгаа бодсоор өөр юу хийж болохоо мартах нь бий. Бизнес эрхлэгчид болоод “hustle culture” буюу цаг наргүй ажиллах амьдралын хэв маягийг шүтэх болсон өнөө үед ч бизнес эхлэх бол амаргүй даваа. Цаг шаардсан, зовлонтой, ганцаардмал зам. Алга эргүүлэхийн хооронд бүтдэг зүйл огт биш. Бизнес хийж эхлэх нь таван жилийн дараа амжилтад хүрэх нөхцөлтэй цэрэг татлагад бүртгүүлж байгаатай адил. Таван жилийн дараа л амьсгаагаа дарж, бүтэн нойртой хонохтойгоо болно. Та ойрын хэдэн жилийг ингэж өнгөрөөхийг үнэхээр хүсэж байна уу эсвэл магадгүй арай “ухаалаг” сонголт хийх үү? Үүнийг баттай мэдэхийн тулд дараах таван асуултад хариулаад үзээрэй.

 

  1. Таны бодож олсон санаа бие даасан бизнес болж чадах уу эсвэл ямар нэг бизнесийн бүрэлдэхүүн хэсэг үү?

Өөрт төрсөн гайхалтай санаандаа хэт автаж энэ асуултыг өөрөөсөө асуугаагүйн улмаас би карьерынхаа олон том алдааг хийсэн. Үнэн хэрэгтээ “гоё” санаа ихэвчлэн зүгээр л санаа төдий л байдаг болохоос бизнес болох хэмжээнд хүрдэггүй. Эдгээр санаа нь голдуу аливаа бизнесийг сайжруулах нэг бүрэлдэхүүн байдаг.

  1. Би ямар нэг зүйлийн төлөө зүтгэж байна уу эсвэл өөр нэг зүйлээс зугтаж байна уу?

Бодит байдлаас зугтахыг хичээж гаргасан шийдвэр хамгийн муу шийдвэр болдог. Ямар нэг зүйлээс зайлсхийж, зугтах бус ямар нэг зүйлд тэмүүлж байгаа эсэхээ нягтлаарай. Хямралын үе дуусаж юмс хэвийн байдалдаа ороход та өөрт таалагддаггүй ажлаа эхлүүлсэн байх вий.

  1. Асуудлыг шийдэх гарц мөн үү?

Та хүмүүсийн хүсэж байснаа ч мэдэхгүй шийдлийг санал болгоод амжилтад хүрч болно (жишээ нь iPod). Гэвч хүмүүсийн огт боддог ч үгүй асуудлын шийдлийг санал болгоод ч зарж чадахгүй (жишээ нь Google Glass).

  1. Миний санал болгож буй шийдлийг худалдаж авах хангалттай олон хүн байгаа юу?

Гэр бүлээ тэжээж, амралтаараа Дисней явж аялах зардлаа гаргаж чадахгүй бол бизнес хийх ямар хэрэг байх вэ дээ? Хичээл зүтгэл гаргаж, оролдож үзсэний төлөө медаль эсвэл ногдол ашиг өгөхгүйгээс хойш.

  1. Хэцүү цаг үед ч энэ бизнес сонирхлыг минь татсан хэвээр байх уу?

Хорвоо ертөнц орвонгоороо эргэчихлээ гэж төсөөлье. (2020 оныг төсөөлөхөд болно.) Иймэрхүү нөхцөл байдал үүсэхэд нойргүй өнгөрөөсөн өчнөөн шөнөө санаж, өглөө босохдоо “Энэ бүхэн үнэ цэнтэй хэвээр” гэж хэлж чадах уу?

Энэ таван асуултыг өөрөөсөө асуухдаа бизнес хийж эхлэхэд гарах бодит өөрчлөлт нь өнөөдрийн зардлаа тооцоход бус ирээдүйн хөгжил, дэвшлээ бүрэн зураглахад оршдгийг санаарай. “Би яг одоо юу хийж чадах вэ?” биш “Би таван жилийн дараа юу хийж чаддаг болох вэ?”, “Толинд харагдах энэ хүн бус миний хамгийн сайн хувилбар ямар байх вэ?” гэж асуух хэрэгтэй. Эдгээр нь хийсвэр боловч маш чухал асуулт юм. Учир нь та зөвхөн одоо хийх гэж буй ажлаа сонгох бус ирээдүйгээрээ дэнчин тавьж буйгаа санах хэрэгтэй.

Эх сурвалж: Entrepreneur 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 4.50 out of 5)
Loading...
Б.Мишээл

“Дундын дуудлагын төв” буюу хэрэглэгчийн үйлчилгээний шинэ шийдэл

Previous article

Б.Жавхлан: Хичээл зүтгэлийг нь үнэлэхгүй бол залуу хүний урам зориг мохдог

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like