Бизнесүүд гэрлийн хурдаар инновац нэвтрүүлж, салбар бүрийн шилдэг компаниуд цар тахалд гайхмаар хурдан дасан зохицлоо. Гал тогооныхоо ширээний араас видео хуралд оролцох зэрэг ажиллах шинэ арга барилд ажилтнууд дасав. Бизнесүүд ашиггүй бүтээгдэхүүн, үйлчилгээг дор нь зогсоож оронд нь эрсдэлтэй гэгддэг байсан “онлайнаар захиалаад салбараас авах” арга руу төвөггүй шилжив. Дижиталчлал огцом эрчээ авч, онлайн худалдаа, онлайн энтертайнмент, телемедицин, цахим хичээл, хоол хүргэлтийн эрэлт хаа сайгүй нэмэгдэв. Энэ бүх эрч хүч, ухаалаг шийдлүүд сэтгэл хөдөлгөм боловч ихэнх нь ийм байдлаар тогтвортой үргэлжлэхгүй нь хатуу үнэн юм.

Гаднаасаа бизнесийн таамаглашгүй орчинтой нүүр тулж, дотроосоо компанидаа инновац хийх гэж зүдэрсэн гүйцэтгэх захирлууд 2021 онд ихийг ухаарч авна. Таамаглал дэвшүүлдэг  “Good Judgment” компанийн супер таамаглагчдын “Дэлхий 2021”-т өгсөн дүн шинжилгээнээс үзэхэд 2021 оны турш ихэнх улс вакцин худалдаж авч чадахгүй аж. Түүнчлэн дэлхийн эдийн засаг хэр хурдан сэргэх талаар эсрэг тэсрэг байр суурь гарсаар байна.

Бизнесүүд цар тахлын улмаас 20 их наяд ам.долларын хохирол амсана гэж дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан “Bridgewater” таамаглажээ.

Бизнесүүд инновац бус өөрчлөлтөд бүх анхаарлаа хандуулж байж хүндхэн жилийг тэсч гарна. Тэр тусмаа хялбар хариулт үгүй газар зүйн гурван ацан шалааг боссууд шийдвэрлэх шаардлагатай тулгараад байна.

Нэгдүгээрт, бизнесүүд бүтээгдэхүүнээ хаана үйлдвэрлэвэл зохих вэ? Татвар, технологи, уур амьсгалын өөрчлөлт, арьс өнгөөр гадуурхах үзэлтэй холбоотой улс төрийн хэрүүл маргааны төвд компаниуд ороод буй. Энэ явдал зарим талаараа улс төрийн манлайлал байхгүйн шинж юм. Үр дүнд нь хэрэглэгч, ажилтнууд энэ бүхэнд гар бие оролцохыг компанийн удирдлагуудаас шаардаж байна. Нөгөөтээгүүр энэ нь бизнесүүд геополитикийн тоглоомын шатрын хүү болсныг харуулав. Huawei, TikTok, Harley-Davidson, Америкийн технологийн компаниуд болон Францын дарсны бизнесүүдийг харагтун. Тэд бүгд Америк, Хятад, Европын худалдаа, татвар, технологийн сөргөлдөөнд хутгалдаад байна.

Өдөр өдрөөр өөрчлөгдөх тодорхойгүй хууль дүрэмтэй энэ цаг үед деглобалчлал энэ бүхний хариулт гэдэг нь ойлгомжтой мэт. McKinsey компанийн олон улсын зөвлөх Кевин Снайдер харин нийлүүлэлтийн сүлжээний үр ашиг бус тэсч үлдэх чанарыг илүүд үзэх ёстой гэсэн ойлголтод эргэлзэж буйгаа илэрхийлээд “тэдгээр тэсвэрлэх зардал” аажимдаа ажлыг хийх шинэ аргууд буюу инновацад байраа тавьж өгнө гэж мэтгэжээ. Ингэснээр дэлхий даяарх нийлүүлэлтийн сүлжээгээ илүү богино, хурдан, ухаалаг, аюулгүй, болгохын тулд гүйцэтгэх захирал, компанийн удирдлагууд хүндхэн шийдвэр гаргах ёстой болно. 

Газарзүйтэй холбоотой хоёр дахь амаргүй асуулт: Хэрэглэгчид хаанаас худалдан авалт хийх вэ? Цар тахлын үед цахим худалдаа эрчээ авсан нь Amazon зэрэг компаниудын ашгийг нэмсэн ч бидний таамаглаагүй өөр ашиг хүртэгсэд байхыг үгүйсгэхгүй. Жижиг бизнесүүдэд зориулсан сервер хөгжүүлдэг Канадын Shopify зэрэг компани хэрэглэгчдийн гэрээс 40 км-ын радиус дотор онлайн дэлгүүр нээх боломжийг олгох замаар тогтвортой онлайн худалдааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Вартоны бизнесийн сургуулийн профессор Мауро Гуиллен үзэж байна. Дижитал дэд бүтэц сайн боловч цахим худалдааны салбар нь Хятадтай харьцуулахад сайн хөгжөөгүй Америк, Их Британид онлайн дэлгүүртэй болох чиг хандлага зогсолтгүй үргэлжилнэ. 

Гэвч салбар болон зах зээлээс хамаарч нөхцөл байдал тэнгэр газар шиг ялгаатай. Цар тахлын үеэр италичуудын 60 хувь онлайн худалдаа хийсэн ч ердөө 10 хувь нь сэтгэл ханамжтай үлджээ.

Хүргэлт, цахим нэвтрэлт тааруухан эх газрын Европын ихэнх улсад зарим хэрэглэгч эргээд дэлгүүр хэсч эхэлнэ.

Ажилтнууд хаанаас ажиллах вэ гэдэг нь хамгийн төвөгтэй гурав дахь асуулт юм. Цар тахлаас болж хүссэн хүсээгүй бүгд зайнаас ажиллаж байна. Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний Manpower компанийн захирал Жонас Присингийн өгүүлснээр харилцагч компаниуд нь ажилтнуудаа сэтгэл ханамжтай төдийгүй маш бүтээмжтэй ажиллаж байгаа талаар мэдээлсэн аж. “Зайнаас ажилладаг шинэ ажилтан хөлслөх болсноор бид олон шинэ авьяаслаг хүмүүсийг элсүүлсэн бөгөөд энэ нь хүний нөөцөө бүрдүүлэх олон арга замтай болоход хүргэх нь зайлшгүй юм” гэж Bridgewater-ийн гүйцэтгэх захирал Дэвид МакКормик өгүүлэв. Гүйцэтгэх захирлуудын 75 хувь үүнтэй адил саналтай байгааг зөвлөх үйлчилгээний KPMG компани онцолсон.

Хэдий тийм ч зайнаас ажиллах нь хоёр талдаа иртэй сэлэм байж болох талтай. Зайнаас ажиллах нь шинэ санаанд тээг болох, хүнд суртал ихсэх, захирлууд түрэмгий зан авиртай болох зэрэг асуудлыг улам даамжруулж магадгүй талаар Лондонгийн Бизнесийн сургуулийн профессор Гэри Хамел ярьжээ. Хөрөнгийн удирдлагын JLL компанийн захирал Кристиан Улбричийн бодлоор гэртээ ажиллах таатай орчинтой, эсвэл хүүхдээ хардаг ажилтнууд эргэж хэзээ ч оффистоо ирэхгүй аж. 

Энэ бүхэн асуудал дагуулж мэднэ. Учир нь ихэнх захирал ажилтнуудтайгаа биечлэн уулзахгүй онлайнаар харилцахдаа маруухнаас гадна нэг нэгнээсээ тусдаа удаан ажиллах нь хэлтэс хоорондын үл ойлголцлыг даамжруулж, удирдлагын эрх мэдлийг улам нэмж байна. Залуу ажилтнууд ажил дээрээ ярьж хөөрөлддөг үеэ хэдийн санагалзаад эхэлсэн бол ахимаг насныхан давчуу өрөөнд дэлгэц ширтсээр залхах шинжтэй байна. Ялангуяа орой үдэш, эсвэл амралтын өдөр Zoom-ээр ярих нь тэднийг туйлдуулж буй. Тэр бүү хэл алсын зайнаас ажиллах технологи хөгжүүлдэг компанийн захирал шинэ санаа ярилцах “биет” хурлууд болон гал тогоон дахь бяцхан хов базалтаа үгүйлж байна. 

Тэгэхээр зайнаас ажиллах, авсаархан төв оффис болон харьяа байршил дахь хамтын оффисоос бүрдсэн холимог ирээдүйд захирлууд өөрсдийгөө, мөн компаниа бэлдвэл зохино. Тэд ажилтнуудынхаа сэтгэл зүйн болон бие махбодын сайн сайханд илүү санаа тавих, удирдах арга барилаа шинэчлэх шаардлагатай. Цар тахлаас өмнө компанийн урт хугацааны өсөлтөд нөлөөлөх эрсдэлийн 12-т жагсаж байсан “авьяаслаг ажилтнаа алдах эрсдэл” өдгөө нэгт орж ирээд байгааг гүйцэтгэх захирлуудаас авсан KPMG-ийн судалгаа харуулав. Иймээс хөл толгой нь олдохоо больсон энэ ертөнцөд компаниа хөл дээр нь хурдхан босгох хүсэлтэй захирлууд авьяаслаг, ур чадвартай ажилтны төлөө ширүүн тэмцэл өрнүүлэхдээ бэлдэх хэрэгтэй.

“Дэлхий 2021” сэтгүүлийн “Бизнес” булангаас.

Дэлхий 2021 сэтгүүлийн урьдчилсан захиалга эхэллээ.

Холбогдох утас: 94092904, 94992389

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Зайнаас ажиллах соёлыг амжилттай нэвтрүүлсэн Дижитал Воркс

Previous article

Монгол Улс интернэтэд холбогдсоны 25 жил

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like