Аж үйлдвэрийн IV хувьсгал буюу Цахим хувьсалд өртөөгүй үлдсэн хувь хүн, өрх гэр, аж ахуйн нэгж, албан байгууллага гэж байхгүй. Хачирхалтай нь бид дээрх хоёр ойлголтыг тодорхойлсон нийтлэг тодорхойлолт байдаггүйг олж мэдсэн. 

Эхлээд хувьсгал гэдэг ойлголтыг авч үзье.

Итгэл үнэмшил, нэгэнт тогтсон хэв маяг (ПАРАДАИМ/ПАРАДИГМ)-ийг өөрчлөх нь маш хэцүү бөгөөд маш их ажиллагаа шаардсан үйл явц байдаг тул бид өдөр бүр хувьсгал хийгээд байдаггүй нь тодорхой. Харамсалтай нь хувьсгал гэдэг ойлголтыг тэрслүү байдал, үймээн самуунтай адилтган ойлгох хандлага түгээмэл. 

Харин тийнхүү үүсээд байгаа үймээн самуун хүчирхийллийн үйлдлүүд гарах болсон үндэс, эх үүсвэр нь тайван тогтвортой байдлын үндэс суурь болж байсан хуучин хэв загвар (парадигм)-уудыг өөрчилж байгаа хувьсал буюу тухайн хувьсгалын үзэл баримтлалын мөн чанар гэдэг нь ойлгогдох бизээ.

Хүнд бэрх орчин нөхцөл нь амьд үлдэж, оршин тогтнох боломжоо бий болгохын тулд хүмүүсээс шинэ бүтээл хийхийг шаардаж байдаг бөгөөд тийнхүү хүн төрөлхтөнд тулгарч буй тоо томшгүй олон бэрхшээлийг шийдвэрлэх цорын ганц арга хэрэгсэл буюу түлхүүр нь МЭДЛЭГ байсаар ирсэн билээ.

Мэдлэг бол олон асуудлын үндэс шалтгаант холбоог ойлгох, улмаар шийдлийг олох гол хөдөлгөгч хүч юм. Мэдлэг хэрхэн төлөвшдөгийг ойлгох нь маш чухал. Танин мэдэхүйн үйл явц гэж нэрлэгддэг мэдлэгийг бий болгох нь маш төвөгтэй үйл явц боловч энэ нь хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэгийг бид мэднэ. Нэгдүгээрт: өгөгдөл, мэдээлэл. Хоёрдугаарт: сэтгэх хэв маяг. 

Мэдээжийн хэрэг, үйлдвэрлэлийн хувьсгал нь улс төрийн хувьсгалаас өөр гэж хэлэх биз. Гэхдээ дахиад жаахан лавшруулаад харах аваас, бидний сэтгэлгээний өөрчлөлттэй ижил зүйлс ажиглагдах болно. Аж үйлдвэрийн IV хувьсгалыг хөдөлгөж буй гурван үндсэн өөрчлөлт байна.

Нэгдүгээрт: Хүн төрөлхтөн урьд өмнө байгаагүйгээр их хэмжээний өгөгдөл мэдээллийг боловсруулж байна. 2014 онд хийсэн нэгэн судалдааны үр дүнд хүмүүс бид нийт хүн төрөлхтний 1100-2003 оны хооронд бий болгож чадсан бүх өгөгдөл мэдээллийг нэгтгэсэнтэй тэнцүү асар их хэмжээний өгөгдлийг 2014 онд зөвхөн хоёрхон өдрийн дотор л үүсгэсэн байх юм. Харин 2020 онд бол тийм хэмжээний мэдээллийг үүсгэхэд хоёрхон цаг л шаардагдана гэж хэлсэн ч болох байх. Үүний зэрэгцээ өгөгдөл мэдээлэл гэдэг нь газрын тос зэрэг бусад түүхий эдийг ардаа орхиж, хамгийн үнэ цэнэтэй бараа болоод байна.

Хоёрдугаарт: Тооцоолон бодох чадал. Өнөөдөр бид зөвхөн асар хурдтай компьютер төдийгүй түүнийг нийтэд хүртээмжтэйгээр хэрэглэх боломжтойг харж байна.  

Гуравдугаарт: Харилцан холбогдох. Хүмүүс бид өөр хоорондоо харилцан холбогдох байдал асар ихээр нэмэгдсэний ачаар бид урьд өмнө байгаагүй их хурдаар мэдлэгээ хуваалцан түгээх боломжтой болоод байна.

Аж үйлдвэрийн IV хувьсгалын ашиг тус нь мэдлэгийг бий болгох чадварыг нэмэгдүүлэхэд оршино. Технологи бол сэтгэн бодох чадвараар бүтээгдсэн мэдлэг бөгөөд бидний амьдралыг хөнгөвчлөх, тав тухтай байдлыг бий болгоход ашиг тусаа өгсөөр байна. Гэсэн хэдий ч бидний өдөр тутмын амьдралд нөлөөлөх технологийн нөлөөлөл нь хязгааргүй тул бид ч түүнээс ихээхэн хамааралтай болсоор байна гэсэн үг.

Аж үйлдвэрийн IV хувьсгал нь тоолж баршгүй олон шинэ технологийг бий болгож байгаа хэдий ч бид илүү хэмнэлттэй, хямд, хүртээмжтэй шинэ технологийг ирээдүйд ашиглах болно гэдэгтээ итгэлтэй байна.

Цахим хувьслын ойлголтын талаар янз бүрийн тодорхойлолт байдаг бөгөөд цахим хувьслыг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх гэсэн ихэнх оролдлогууд бүтэлгүйтдэг гэсэн олон тооны судалгаа байдаг. Бид цахим хувьсал нь цаашид оршин тогтноход зайлшгүй шаардлагатай хүчин зүйлсийн нэг  гэдгийг ойлгох нь маш чухал юм.

Аж үйлдвэрийн IV хувьсгалын ашиг тус нь мэдлэгийг бий болгох чадварыг нэмэгдүүлэхэд оршино.

Цахим хувьсал нь Аж үйлдвэрийн IV хувьсгалаас үүдэлтэй логик үр дагавар бөгөөд энэ нь бас боломж юм. Би хувьдаа Цахим хувьсалыг хувьсгалын туйлын зорилго бус зөвхөн мэдлэгийг цаг тухайд нь үнэн зөвөөр бий болгох боломжийг олгодог өөрчлөлтийн үйл явц гэж хардаг.

Бидний ихэнх нь мэдлэг бий болгох нь маш төвөгтэй бөгөөд өртөг өндөртэй үйл явц гэсэн ташаа ойлголттой явдаг. Бодит байдал дээр мэдлэг нь сансар огторгуйг судлах зэрэг төвөгтэй шинжлэх ухаан байх албагүй. Энэ нь аливаа үйлдлийг гүйцэтгэхэд хэдэн секунд, эсвэл хэдэн цент хэмнэх боломжийг олох энгийн алхам эсвэл маш энгийн шийдлүүдийг зохион бүтээх хэлбэрээр илэрч болно. Эдгээр хэдэн секунд эсвэл цент нь олон дахин давтагдах үйлдлийн үр дүнд хуримтлагдан асар их өөрчлөлтийг бий болгож чаддаг.

Харамсалтай нь, олон компани, байгууллага эцсийн дүндээ асар их үнэ цэнэ бий болгож болохуйц даруухан мэт харагдаж буй энэхүү хэмнэлтийг үл тоомсорлодог. 

Үйлчлүүлэгчдийн зан байдал, хүлээлт маш хурдан өөрчлөгдөж байгаа өнөө үед компаниуд ядаж үйлчлүүлэгчдийн хурдаас хоцрохгүйгээр өөрчлөгдөж чаддаг байх ёстой. Мэдээлэл өгөгдлийг бий болгох, боловсруулах, дамжуулахтай холбоотой шинэ технологиуд нь шинээр мэдлэгийг бий болгоход тусладаг. Гэхдээ энэ нь чанартай сайн мэдлэгийг бий болгоход хангалтгүй. Учир нь бид сэтгэлгээний хэв маягийг орхигдуулаад байгаа юм.

Сэтгэлгээний загвар бол сэтгэлгээний эцсийн бүтээгдэхүүн бөгөөд ийм загваруудын агуулга, хэлбэр нь харилцан адилгүй байдаг. Энэ бол байгалийн энгийн нэгэн үйл явц боловч зарим тохиолдолд гамшгийн үр дагаварт хүргэж болзошгүй.

Системчилсэн сэтгэлгээний загвар нь сэтгэн бодох чадвараа дээшлүүлэх, түгээмэл хэрэглэгддэг загваруудыг бий болгоход туслах хамгийн ирээдүйтэй хувилбар юм.

Хэрэв бид өнөөдөр тулгараад байгаа олон асуудлын үндэс болсон сэтгэлгээний хэв маягаа өөрчлөхгүй л бол шинэ технологи бидэнд тус болохгүй. Ихэнх тохиолдолд эдгээр технологи нь илүү төвөгтэй асуудал үүсгэх гинжин урвалыг үүсгэх шалтгаан нь болдог.

Системчилсэн сэтгэлгээг даруй олж авах боломжгүй бөгөөд ийм сэтгэн бодох чадварыг эзэмшихийн тулд цаг хугацаа болон бусад зүйлсийг зарцуулах шаардлагатай болдог.

Сэтгэлгээг системчилж болно. Бодол санаагаа илүү хяналттай, системтэй болгоход бидэнд саад болж буй хамгийн том бэрхшээл бол бидний амьдралд нэгэнт тогтсон хэв маяг буюу парадигмууд байдаг бөгөөд сэтгэлгээгээ илүү бүтээмжтэй болгохын тулд олон талын мэдлэгийг харьцуулан ашиглах чадвар бидэнд хангалттай байдаггүйтэй холбоотой.

Сэтгэлгээг илүү эмх цэгцтэй болгохын тулд хүн дор хаяж системийн инженерчлэл, логик, сэтгэл зүй, тэдгээрийн харилцан хамаарлын талаархи үндсэн мэдлэгийг эзэмших хэрэгтэй.

Бид “Системчилсэн танин мэдэхүйн технологи” гэж нэрлэгддэг технологийг боловсруулж, туршиж үзсэн бөгөөд туршилтын үр дүн нь бидэнд маш их урам зоригийг өгсөн. Тухайлбал, өнгөрсөн жил бид монголчуудын дунд давамгайлах сэтгэлгээ ба системчилсэн сэтгэлгээний ялгааг олж мэдэхэд чиглэсэн бэсрэг судалгаа хийсэн.

Үр дүн нь биднийг маш ихээр гайхшруулсан. Түүнээс харахад бидний сэтгэлгээг зөвхөн хяналттай, системчилсэн төдийгүй бүтээлч болгох асар их боломж байна.

Аж үйлдвэрийн IV хувьсгал нь ололт амжилтын зэрэгцээ мөн маш олон бэрхшээлийг авчирсан. Хамгийн том бэрхшээлүүдийн нэг бол нэгэнт тогтсон хэв маяг буюу хуучин парадигмууд давамгайлсан бидний сэтгэлгээ юм. Бидэнд маш олон гайхалтай шинэчлэл, ахиц дэвшил авчирсан сэтгэлгээний загвараа өөрчлөх шаардлагатай байна. Учир нь бид энэ эрин үед оршин байж, асар их өгөгдөл мэдээллийг зөв боловсруулж чаддаг болохын тулд тийнхүү өөрчлөгдөх шаардлагатай байгаа нь надад тодорхой харагдаж байна.

 

 

Автор: Гүнд Инвестмент ХХК-ийн ТУЗ-ын дарга, Залуу Судлаачдыг Дэмжих Сангийн Үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 3.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Мэдээллийн технологийн шийдэлтэй борлуулалтын тактикууд (№76)

Previous article

Хөл хорионы үед компаниуд юу анхаарах хэрэгтэй вэ? 

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like