Томүжин Академи, Томүжин Дижитал болон Томүжин алтернатив сургуулийг үүсгэн байгуулагч Б.Батжинтай хүүхдийн боловсрол болон хүсэл тэмүүллээ хэрхэн олох тухай ярилцлаа.

Томүжин альтернатив сургууль уламжлалт хэв маягийг хэрхэн эвдэж байна вэ? 

Томүжин дээр бид академик чадвараас гадна өөртөө урам зориг өгч, тасралтгүй суралцах, өөрийгөө мэддэг байх, шийдвэр гаргах, сониуч зан зэрэг амьдралд шаардлагатай чадваруудад гол анхаарлаа хандуулдаг.  Эдгээр чадварыг сургуульд заадаггүй. Бүр дэлхийн шилдэг гэгддэг Харвардын их сургуульд ч тэр. Боловсролын уламжлалт хандлагыг халсан сургуулиуд байгаа нь мэдээж. Гэсэн ч ихэнх нь хэдэн зуун жилийн хугацаанд огтхон ч өөрчлөгдөлгүй аж үйлдвэрийн хувьсгалын загвараараа явсаар өдгөө хүүхдүүдэд яг амьдралд хэрэгтэй хэрэгтэй чадварыг нь олгож чадахгүй байна. Өнөөдөр маш олон хүүхэд сэтгэл гутралд орж, шантарч, өөрийгөө ч мэдэхгүй болж, эцэг эх эсвэл зах зээлийн шаардлага зэрэг гадаад хүчин зүйлийн нөлөөллөөр зорилгоо тодорхойлж байна. Товчходноо, боловсролын систем хурдтай өөрчлөгдөж буй ертөнцтэй хөл нийлүүлж чадахгүй байна. Хорвоо ертөнц, амьдрал, Амазон, eBay эсвэл Netflix биднийг хүлээхгүй шүү дээ.

Би хоёр хүүхэдтэй. Эцэг болсноосоо хойш хүүхдүүдээ аз жаргалтай амьдрахад нь би яаж тусалж чадах вэ гэж их бодох болсон. Хүүхдүүдээ тоондоо гавал мөртлөө хувцасаа сонгож, юу мэдэрч байгаагаа ойлгож эсвэл өөрийгөө илэрхийлж чаддаггүй нэгэн болоыг мэдээж хүсэхгүй. Хүмүүн болон Томүжин сургуульд ажиллаж буй хүмүүс буюу манай багийнхан хүүхдүүдэд боловсрол олгох гэсэн зорилгын дор нэгдэн ажиллаж байна. 

Томүжин академи нь хүүхдүүдэд Ivy League-ийн сургуульд ороход нь тусалдаг. Хурдтай өөрчлөгдөж буй ертөнцөд ямар ч диплом, зэрэг дэв үнэ цэнгүй болох магадлалтай. Иймд мэргэжлээ сонгохдоо юу анхаарах хэрэгтэй гэж та зөвлөх вэ? 

Хүмүүс намайг хүүхдүүдийг Ivy League-ийн сургуулиудад оруулах гэж л улайрдаг гэж бодоод байдаг. Гэхдээ энэ бол бидний зорилго биш. Шилдэг их дээд сургуулиудад тэнцсэн хүүхдүүдийг бид бусдадаа урам зориг өгөх бодит жишээ гэж хардаг. Тэдэнд тархиа цэнэглэж, нийгмийн ажилд оролцож, дадлага хийж бодит туршлага хуримтлуулж, хүсэл тэмүүлэлтэй, санаачлагатай байх урам зоригийг өгдөг гэсэн үг. 

Би хүүхдүүдэд хэзээ ч мэргэжил сонгох тал дээр зөвлөдөггүй. Мэргэжил, диплом бол загварын чиг хандлагын адилаар моданаас гардаг. Харин дотоод хүсэл тэмүүлэл, эрмэлзэл бол үгүй. Тиймээс би тэднээс дуртай зүйл, гол хэрэгцээ шаардлага зэргийг нь асуудаг. Чухал хүн болмоор байна уу? Хүмүүстэй ажиллах таалагддаг уу? гэх зэргээр. Хүсэл эрмэлзэл, хүч хөдөлмөрөө хослуулж чадаваас чи хүссэн бүхэндээ хэдэн ч насандаа хүрч, аз жаргалтай амьдрах боломжтой. Харамсалтай нь хүмүүс эрэлттэй эсвэл мөнгө сайн олдог ажил, мэргэжил сонгохыг зөвлөдөг. Өнөөдрийн хамгийн өндөр цалинтай ажил таван жилийн өмнөхөөс өөр. Нөлөөлөгчид хүүхдүүдийг программист бол гэж зөвлөж байгаа нь үнэхээр инээдтэй. Энэ бол удахгүй өөрчлөгдөх л чиг хандлага шүү дээ. Ийм түр зуурын чиг хандлагатай амьдралаа холбовол тэр нь моданаас гарах үед чи сүйрэх болно. Харин хүсэл эрмэлзэл чинь хэзээ ч моданаас гарахгүй. Жишээ нь, хэрэв та дасгал хөдөлгөөн хийх дуртай бол хөл хорионы үед ч өрөөндөө дасгалаа хийнэ биз дээ? 

Ямар нэг зөвлөгөө өгөхөөсөө өмнө бид “Чи юу хиймээр байна?”, “Оролдож үзсэн үү?” гэж асуух хэрэгтэй. Хэрэв юу ч оролдож үзээгүй гэж хариулвал олон төрлийн зүйл оролдож, туршихыг зөвлөөрэй. Томүжин дээр дөнгөж 16,17 настай янз бүрийн зүйл хийж үзэхийг хүссэн олон хүүхэд дадлагажигчаар ажилладаг. 

Ихэнх хүн өөрийн хүсэл зорилгыг олоогүй байдаг. Хүсэл тэмүүллээ олохыг хүсч буй хүмүүст та юу гэж зөвлөх вэ?

Яг үнэн. Дотоод хүсэл эрмэлзлээ ололгүй амьдарсан олон хүн бий. Энэ бол манай боловсролын байгууллагуудын арга барил буруу болохын нэг баталгаа. Хэрэв сургууль сайн юм бол яагаад ийм олон хүн зүдэрсэн, сэтгэл гутралтай мөн байн байн ажлаа солиод байгаа юм бэ? Сургуульд янз бүрийн зүйл оролдож алдах боломжийг олгодоггүй. Сургуулиуд бүх зүйлийг тоогоор хэмждэг. Насаараа дүнгээр үнэлэгдэж, ийм тийм гэсэн нэр зүүж явсан бол ямар нэг зүйл оролдож, хийхэд зориг хүрэхгүй.

Хүсэл эрмэлзлээ олохыг хүсч байвал олон зүйлийг оролдож, хийж үзэх хэрэгтэй. Гэхдээ бүх сэтгэл зүрхээ зориулж. Юу гэх гээд байна вэ гэвэл, хэрэв ямар нэг байгууллагад дадлага хиймээр байвал чамайг автал тэдний хаалгыг манаж суу. Хүсэлт явуулаад хариу ирэхгүй бол буугаад өгчихөж болохгүй. Ингээд байвал хэзээ ч хүсэл эрмэлзлээ олж чадахгүй. Манай нэг найз “Бүгд л том зүйл мөрөөддөг мөртлөө түүнийхээ төлөө юу ч хийхгүй юм” гэж билээ. Яаж юу ч хийлгүйгээр Жефф Безос шиг болох вэ? гэвэл боломжгүй л гэж хэлнэ. 

Би их яриа, мэтгэлцэх дуртай учраас хуульч болохыг хүсдэг байлаа. Азаар намайг Америкт сурч байхад Массачусетс мужийн Ерөнхий прокурор Марта Көүклигийн оффист дадлага хийх боломж олдсон юм. Ёстой аймшигтай байсан. Ингэж би хуульчийн мэргэжил надад тохирохгүй зүйл гэдгийг 19 настайдаа мэдсэн юм. Зөвхөн цалингийн төлөө энэ мэргэжлийг сонгосон бол би амьдралаа үзэн ядсан нэгэн болох байсан. Би одоог хүртэл хүсэл эрмэлзлээ бүтээсээр л байна. 11 жил багшилсан хойноо л би багшлахаас илүү бусдад өөрийн чадвараа олж нээхэд нь туслах дуртайгаа ойлгож байна. 

Томүжин академид хүүхдүүдэд амьдралд хэрэгтэй чадваруудыг заадаг. Та бүхэн насанд хүрэгчдэд амьдралд хэрэгтэй чадваруудад суралцахад нь туслах тухай бодож байв уу? 

Тэгэлгүй яахав. Анх гурав, дөрвөн хүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр манайд 160 орчим хүн ажиллаж байна. Бид ажилтнууддаа ч адил зүйлийг заадаг. Амьдралд хэрэгтэй чадваруудад суралцахад нас хамаагүй. 

Тиймээс хүүхдүүдийг төрсөн цагаас нь хойш программчилж, нөлөөлөл үзүүлдэг хүмүүс болох эцэг эхчүүдтэй ирээдүйд тулж ажиллая гэж боддог. Тэд ч өөрсдийн эцэг эх бөгөөд сурсан сургуулийнхаа “бүтээл”. Тэгсэн мөртлөө хүүхдүүдээ өөрсдөөсөө илүү амжилтад хүрнэ гэж найдна. Хэрэв эцэг эх нь “Их сургуульд сурахгүй бол олигтой амьдарч чадахгүй” гэж байгаа бол тэд их сургуульд сураагүй бөгөөд олигтой амьдарч чадаагүй гэсэн үг. Ингэснээр ихийг хийж бүтээх байсан хүүхэддээ багаас нь айдас суулгадаг. Эцэг эхчүүд эцэг эх болохдоо бэлтгэгдээгүй байдаг. Маш цөөн хүн хийж байгаа зүйлдээ дуртай, аз жаргалтай, сэтгэл хангалуун байдгийн гол шалтгаан нь энэ. Тийм учраас бид эцэг эхчүүдийг бэлтгэж, тэдэн сертификат олгох хүсэлтэй байгаа юм. Бид эцэг эхчүүдэд дижитал сургалт, ном, бүлэг болон тусламжийн төвүүдээрээ дамжуулан туслах боломжтой. Би эцэг эхчүүдийг  “Хүүгээ яах учраа олохгүй байна. Цохиод авмаар санагдаад байх юм. Яах вэ?” гэж хэлээд хандах газартай байгаасай гэж хүсдэг. 

Хэрэв би таны хаалгыг тогшоод хүсэл эрмэлзлээ олоход минь туслаач гээд ороод ирвэл та надад туслах уу? 

Юун түрүүнд би танд тусалж чадах эсэхээ мэдэхгүй гэдгээ хэлэх нь зүйтэй болов уу. Би нас харгалзалгүй хүмүүст туслах чин хүсэлтэй. Гэхдээ сүүлийн таван жил би голдуу хүүхдүүдэд тусалсан. Олон хүн надад чи цагаа дэмий үрж байна, ингэж өөрийгөө зовоох хэрэг байна уу, тус болсны чинь төлөө мөнгө төлөхгүй хүмүүст тусалж байна гэж хэлдэг байв. Энэ хугацаанд би бусдад туслахыг хүсдэг хүмүүст туслах хүсэлтэй гэдгээ ойлгосон юм. Хэрэв та цаашаа өшөө 15 мянган хүнд тусална гэвэл л би танд тусална. Та өөрийгөө хөгжүүлэх, сайжруулах зорилгогүй бол би танд тусалж чадахгүй. 

Таны бодлоор хүүхдийнхээ төлөө хийж болох хамгийн зөв зүйл юу вэ?

Юун түрүүнд хүүхдээ өөртөө итгэдэг болоход нь туслах. Өөртөө итгэсэн үед л чи шийдэж, ямар нэгэн зүйл хийж чадна. Үүний тулд хүүхдээ нөхцөлгүйгээр хайрлах хэрэгтэй. Хүүхэд тань Харвард төгсөөгүй байсан ч “хайртай шүү” гэж хэлдэг байх хэрэгтэй.

Франц хүмүүс өөрийгөө үнэлэх үнэлэмжийг амжилт, гавъяа зүтгэлээс тусад нь авч үздэг бөгөөд буруу зүйл хийвэл “tu as raison” буюу тэгэх шалтгаан байсан байлгүй гэж хэлдэг. Харин англи эсвэл монголоор бол “чиний буруу” эсвэл “чиний зөв” гэх зэргээр хийсэн зүйл бүрийг нь өөрийгөө үнэлэх үнэлэжмтэй нь холбоод байдаг. 

Хоёрт, итгэл үнэмшлийг бий болгох. Та хүүхэддээ санасан бүхэндээ хүрэх боломжтой гэж сургах хэрэгтэй. Гуравт, хүүхдүүдээ өөрөө өөрийгөө мотивацижуулж, тогтмол ахиц гаргахыг эрмэлздэг дотоод мотортой болгохын тулд эрх чөлөөг нь олгож байх хэрэгтэй. Манай хүү таван настай ч би түүнд юу өмсөж, идэх, үзэх сонголтоо өөрөө хийхийг нь зөвшөөрдөг. 

Энэ гурван чанарыг төлөвшүүлж чадвал юунд ч хүрч чадна. Харамсалтай нь эцэг эхчүүд эдгээр чанарыг нь алдаг. Тэд чамд юу сайн гэдгийг би мэдэж байна гэдэг. Эсвэл чи жаахан байна гээд юу өмсөх, юу идэх, хэзээ унтахыг нь заадаг. Гаргасан амжилт, үзэл бодол, аливаа зүйлсийг хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй нь холбох бол сүйрлийн үндэс юм. Ямар нэг зүйл болохоо байхаар маш амархан гутардаг сайн дизайнерууд байдаг. Энэ тэдний эцэг эх “Чи муу болохоор алдаж байгаа юм” эсвэл “Энийг чадвал би чамайг илүү хайрлана” гэдэг байсантай шууд холбоотой. 

Эцэг эхийн бидэнд суулгасан буруу зүйлсийг засах боломжтой юу? 

Бололгүй яахав! Эхийн даавар, сэтгэл санааны байдал болоод түүний хийж буй бүх зүйл ургийн хөгжилд нөлөөлж байдаг. Тэгэхээр эхийнхээ хэвлийд байхаас эхлэн өнөөг хүртэл олон жилийн турш бид суралцаж, бүрэлдсээр ирсэн гэсэн үг. Сурч, дассан бүх зүйлээ хэдхэн хоногийн дотор өөрчлөх боломжгүй. Өөрийгөө өөрчилж болно, гэхдээ том алхам хийж байж өөрчилнө. Би хувьдаа Тони Роббинсыг шүтэн биширдэг бөгөөд түүнээс үлгэр дуурайл авдаг. Өөрчлөгдөхийг тулд дотогшоо гүн өнгийх хэрэгтэй гэж тэрбээр хэлдэг.  Тиймээс бид хүүхдийг сургуульд орохоос нь өмнө хүмүүжүүлдэг эцэг эхчүүдтэй тэдэнтэй тулж ажиллах хүсэлтэй байгаа юм. Харин дараа нь сургуулиараа дамжуулан хүүхдүүдтэй нь ажиллана. Ингэснээр бид сая сая хүүхдэд тусалж, цаашлаад дэлхийг өөрчилж чадна гэж бид боддог. 

Та бүхэн сурагчдаа академик болон академик бус шалгуураар элсүүлдэг. Танай сургууль хүүхдийн юуг нь чухалчлан хардаг вэ? 

Бид зөвхөн шалгалтын оноо бус олон хүчин зүйлийг харгалзсаны үндсэн дээр элсэлтээ авдаг. Ерөнхийдөө бид өөрийгөө мэддэг, дотоод мотортой, ирээдүйтэй хүүхдүүдийг сонгодог. Мөн бид янз бүрийн сонирхолтой, хоорондоо адилгүй боловч бусадтай сурсан зүйлээ хуваалцах гэсэн ганц нийтлэг зан чанартай хүүхдүүдийг сонгохыг хичээдэг.

Хичээлдээ тийм ч сайн биш хэдий өөрийгөө сайн мэддэг, дотоод мотортой, авах бус өгөхийн төлөө хүүхэд байвал танайд тэнцэнэ гэсэн үг үү? 

Тийм ээ. Ийм хүүхдүүдийг авсаар ч ирсэн. Гэхдээ асар их хүсэл эрмэлзэлтэй боловч юу ч хийдэггүй бол орж чадахгүй. Үйлдэл хийдэг хүн байх ёстой. Манай сургуульд орохын тулд амжилттай компани байгуулсан байх ёстой гэсэн биш юм шүү. Гол нь ямар нэгэн зүйл хийж, оролдож үзсэн л байх хэрэгтэй. 

Өнгөрсөн онд Томүжин алтернатив сургууль 200 орчим сурагч элсүүлсэн. Энэ жил хэдэн сурагч элсүүлэх төлөвлөгөөтэй байна вэ? 

Дунд сургуулийг тооцвол бид өнгөрсөн жил 350 сурагч элсүүлсэн. Энэ жилийн хувьд 550-600 сурагч элсүүлэх төлөвлөгөөтэй байна. 

Та бүхэн жил бүр цар хүрээгээ тэлэх төлөвлөгөөтэй байна уу? 

Тийм. Хүмүүн бага болон дунд сургууль, Хүмүүн ахлах сургууль, ЭкоГэр цэцэрлэг болон Томүжин альтернатив сургууль бол боловсролын нэгэн групп юм. Хэдийгээр бид тусдаа сургууль боловч бид багш нар, авъяас чадвар, нөү-хау болон бусад нөөц бололцоогоо хоорондоо хуваалцдаг. Үүнээс юу бий болдог гээч? Өсөлт хөгжил, ахиц дэвшил. Бид цаашид экосистемээ өргөжүүлэх бодолтой байгаа. Өөрөөр хэлбэл, салбараа нээж, франчайз хийж хөтөлбөрөө зарж, бусад сургуулиудтай хамтран ажиллана гэсэн үг. Хэрэв энэ ярилцлагыг сургуулийн захирлууд уншиж байгаа бол бид хувьцаагаа санал болгож хариуд нь хөтөлбөр болон менежментийн арга барилаа зарах замаар та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлмээр байна. Ойрын хоёроос гурван жилийн хугацаанд бид 10 мянган сурагч, 600 багш, 10-15 сургуулийг Монгол дахь экосистемдээ нэгтгэхийг зорьж байна.

Том компаниудын санхүүжилттэй хувийн сургуулиуд өөрсдийн бий болгосон хайрцаг дотроо оршин зөвхөн өөрсдийн сурагч, багш нараа хөгжүүлж, хувьцаа эзэмшигчдээ баяжуулсаар байна. Энэ бол хоцрогдсон сэтгэлгээ. Томүжин ийм зарчмаар ажилдаггүй. Бид бусадтайгаа хуваалцдаг. Анхны маркетингийн кампанит ажлаа ч  “Хамтдаа” нэрийн дор хийж байсан. Бид хоорондоо түншилж, хуваалцах замаар дараагийн шинэ үеийг бэлдэх боломжтой. 

Сургуулиуд зөвхөн өөрсдийгөө хөгжүүлдэг бус хамтран ажилладаг боловсролын экосистемийг бүтээе л дээ. Ингэж байж л бид жинхэнэ өөрчлөлтийг хийж чадна. 

Цар хүрээгээ бусад улсад тэлэх төлөвлөгөө бий юу? 

Байгаа. Одоогоор бид Вьетнамд хүмүүстэй яриа хэлэлцээр хийж байна. Бид хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэсэн энгийн зорилготой. Хүмүүсийг сэтгэл хангалуун амьдрахыг харах хүсэлтэй. Тиймээс бид алсын хараагаа бодитоор хэрэгжүүлэхийн тулд бусад сургуультай хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм. 

Танай сурагчдын 40 гаруй хувь нь тэгтэлэг, хөнгөлөлт авдаг гэж үнэн үү? 

Манай сургуульд тэнцсэн хэдий ч эцэг эх нь төлбөр төлөх боломжгүй хүүхдүүдэд бид санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ загвар, санаачлага нь надад санхүүгийн дэмжлэг үзүүлж миний амьдралыг өөрчилсөн Уильямс коллежоос эхтэй. Бид эцэг эхийнх нь санхүүгийн боломжоор хүүхдийг хэзээ ч ялгаварладаггүй. Өнгөрсөн жил бид 3.6 тэрбум төгрөгийг санхүүгийн тусламж олгосон бөгөөд дунджаар нэг сурагчийн төлбөрөөс 68 хувийг нь хөнгөлсөн байна. Гэтэл том ивээн тэтгэгчидтэй сургуулиуд сурагчдынхаа 5-8 илүүгүй хувьд л санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. 

Буруу санаагүй бол та Томүжин Академийг ямар нэг хөрөнгө оруулагчгүйгээр үүсгэн байгуулж байсан гэсэн. Яаж ингэж чадсан бэ? 

Багаас л эхэлнэ. Залуу энтрепренерүүд мөрөөдлөө цаасан дээр буулгаад хөрөнгө оруулагчдаас мөнгө гуйдаг. Энэ бол буруу хандлага. Хэрэв та үнэхээр өөрийн санасан зүйлдээ итгэж байгаа бол хөрөнгө оруулалт шаардахааргүй жижиг зүйлээс эхэлж болно. Хэрэв би танаас яаж сая доллар олох вэ гэж асуувал сүрдмээр байгаа биз? Харин танд нэг доллар өгөх хүн ол гэвэл хамаагүй боломжийн сонсогдоно. Тэгээд арав, зуу, мянгыг олсоор сая долларт хүртлээ явна гэсэн үг. 

Томүжин академийг анх байгуулахдаа бид оффис түрээслээд SAT шалгалтад бэлдэх сургалт явуулж эхэлсэн. Эхний сургалтад тавхан хүн бүртгүүлсэн. Дараа нь бид арай том оффис руу нүүж өөр сургалтууд явуулах болсон. Ийм маягаар зүтгүүр бий болгож эхэлсэн юм. Яг үнэндээ энийг хийж сурахын тулд их сургуульд сурж, магистр хамгаалах хэрэггүй. Зүгээр л зорилгодоо хүртлээ жижигхэн алхмуудыг хийгээд л байх хэрэгтэй. 

Мөн үнэ цэн бүтээхгүй бол ямар ч хөрөнгө оруулалт олж чадахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Томүжин дээр бид үнэ цэнийг бүтээсэн учраас хөрөнгө оруулагчид өөрсдөө бидэнтэй түрүүлж холбогдсон. Бид өдөр бүр үнэ цэн бүтээхийн төлөө ажилладаг. Тиймээс мөнгө биш үнэ цэнийн төлөө явах хэрэгтэй. 

Багш нараа хэрхэн сонгодог вэ? Тодорхой шалгуур тавьдаг уу? 

Тийм ээ, тавьдаг. Бусдад чин сэтгэлээсээ туслах хүсэлтэй эсэхийг нь хардаг. Энэ бол хамгийн гол шалгуур. Мөн суралцах хүсэлтэй, шаргуу байх хэрэгтэй. Бидний гар утас бараг сар бүр шинэчлэгдэж байхад багш нар ямар байна вэ? Youtube зарим тохиолдолд багшийг орлож байна. Тийм болохоор бид багш нарт суралцах хүсэлтэй байх гэсэн шаардлагыг тавьдаг.

Цар хүрээгээ тэлэх төлөвлөгөөтэй байгаа гэж та хэлсэн. Энэ тохиолдолд боловсон хүчний асуудлаа хэрхэн шийдэх вэ? 

Би Томүжинг ганцаараа удирддаггүй. Тийм учраас бид гэж яриад байгаа юм. Боловсролын групп байгууллагын хувьд бид багш нар болон ирээдүйд багш болох хүсэлтэй хүмүүст зориулсан хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн бид багш мэргэжилтэй биш боловч багш болохоор шийдсэн хүмүүст тусалдаг. Компаниудын тавьж буй саналтай өрсөлдөхүйц цалин эсвэл хувьцаа санал болгох нь сайн багш нарыг татах өөр нэг арга юм. 

 

 

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Үл хөдлөхийн зах зээл дэх хүлээлт

Previous article

Өндийхийг хүсч буй өрхийн бизнес

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like