“Манай баг дэлхийн өнцөг булан бүрд сурч ажиллаж байсан, төрөл бүрийн мэргэжлийн залуучуудаас бүрдсэн болохоор бид өөрсдийгөө “амьтны хүрээлэн” гэж хошигнон нэрлэдэг. Энэ олон чиглэлийн хүмүүсээс бүрдсэн баг маань нэг зорилгын төлөө ажиллаж чаддаг болохоор олон өнгөөс бүрдсэн нэг том зураг бүтээж чаддаг” хэмээн ярих “АНД Глобал” компанийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнийг сонсоод өөрийн эрхгүй “Таван тивийн хүүхдүүдийн зураг бүхэн нартай байна” гэдэг гэгээлэг сайхан дуу санаанд орлоо. Юникорн буюу тэрбум долларын үнэлгээтэй стартап компани болохыг зорьсон энэ залуучууд хүнд хэрэгтэй зүйлийг бүтээн, олон улсын бизнесийн ертөнцөд нар мэт гэрэлтэх замдаа явж байна. Энэ гэгээлэг компанийн онцлог, олон улсад ажилласан туршлага, хэтийн зорилгын талаар танилцуулъя. 

Компанийн онцлог 

Анх 2016 онд найзууд хамтран үүсгэн байгуулж “АНД” гэж нэрлэсэн компани өдгөө 200 гаруй ажилтантай, Монголын хамгийн амжилттай стартап компаниудын нэг болжээ. “АНД Глобал” нь финтек буюу санхүүгийн технологийн компани бөгөөд зээлийн үнэлгээний систем, дижитал түрийвч, цахим төлбөрийн систем, цахим зээл олголтын систем зэргийг зах зээлд нэвтрүүлсэн байдаг. Өнөөдөр тус компанийн цахим төлбөрийн систем нь 430 мянган хэрэглэгч, цахим зээлийн систем нь 175 мянган хэрэглэгчтэй болжээ. Энэхүү амжилтын жор нь дэлхийд монгол хүний оюуны бүтээлийг түгээж, Юникорн буюу тэрбум долларын үнэлгээтэй стартап болох том зорилгын төлөө бүх ажилтнууд нэгдэж, сэтгэл зүрхээ зориулдагт оршдог ажээ. Мөн аливаа ажилд тохирсон хүнийг нь авч ажиллуулж, нэг том зорилгын төлөө баг болгож чаддаг нь энэ компанийн бас нэгэн чадвар юм болов уу. 

Нэгэн зорилгын төлөө ажиллах энэ соёл нь үүсгэн байгуулагчдын дэлхийд гарах итгэл үнэмшил, хүсэл эрмэлзэл, алсын хараанаас улбаалан гарч ирсэн гэлтэй. Энэ чин эрмэлзэл нь ажилтнуудад нь халдварладаг, мөн компанид хэрэгтэй боловсон хүчнийг татахад ч нөлөөлж иржээ. Жишээлбэл, Япон улсад 12 жил амьдарч, Япон дахь Швейцарийн хөрөнгө оруулалтын банк болон Японы Мизүхо банкинд ажиллаж, тогтвортой амьдралтай болчихсон байсан санхүүгийн мэргэжилтнийг үүсгэн байгуулагчид өөрсдийн хийж бүтээх чин эрмэлзэл, харизмаараа урвуулж чадсан нь компанид 2018 онд орсон одоогийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ юм. Тухайн ажилд тохирсон боловсон хүчнийг олж томилж чаддагийн жишээ ч энэ мөн болов уу. Үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирал болон ажилтнууд нь залуу хүмүүс бөгөөд нийт ажилтны дундаж нас 28 гэнэ. Залуу баг бүрдсэний давуу тал нь ажиллах үедээ хамаг хүчээ дайчлан шөнөжин ажиллах үедээ ажиллаж, амрах үедээ тултал нь амарч чаддаг, мөн шинийг хүлээж авахдаа сайн, дасан зохицох чадвартай байдаг ажээ. Ингээд харахад, том зорилго нь энэ хамт олныг нягтаршуулах соронз болдог гэлтэй. 

Олон улсад ажилласан туршлага 

“АНД Глобал”-ын бүтээгдэхүүнийг B2B буюу байгууллагын хэрэглэгчдэд хандсан, B2C буюу хувь хэрэглэгчдэд хандсан гэж хоёр ангилж болно. Олон улсад ажиллахад байгууллагатай хамтарч ажиллах нь илүү хялбар, ойлгомжтой байдаг бөгөөд өдгөө Япон, Филиппиний компаниудтай амжилттай хамтарч ажиллаж байна. Эдгээр хамтын ажиллагаа нь “АНД Глобал”-ын хувьд том зорилгодоо хүрэх замынх нь зөвхөн эхлэл гэж итгэж буй. 

“АНД Глобал” нь 2020 оны 4-р сард Японы “Марүбэни” корпорацтай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, 12-р сард 10.3 сая долларын хөрөнгөоруулалт авсан билээ. 162 настай “Марүбэни” корпорац 4 настай “АНД Глобал”-тай эн тэнцүү түншлэх болсон нь нэгэн шинэ үзэгдэл болж байгаа бөгөөд эдгээр монгол залуучуудын бүтээсэн технологи дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, итгэж болохыг илтгэж байгаа юм. Ийнхүү “Марүбэни” корпорацтай хамтарч “АНД Глобал”-ын технологийг дэлхийд гаргах болсон нь дэлхийн хэмжээний цоо шинэ сорил болох бөгөөд тус залуу компанийн далайц, дэлхийд гарах амбицийг харуулж байна гэлтэй. 

Филиппиний “7Eleven” сүлжээ супермаркетын компанитай түншлэлийн гэрээ байгуулж, цахим төлбөрийн “Cliqq” системийг хамтарч бүтээснээр тус улсын зах зээл дэх хоёрдогч гадаад компани болсон байна. Мөн Филиппиний нийтийн тээврийн үйлчилгээнд ашигладаг “Beep” хэмээх картыг зээлээр цэнэглэдэг болгох гэж байгаа нь мөн энэ төрлийн компаниуд дотроо хоёрдохь нь болж байгаа юм байна. 

Олон улсад ажиллахад бэрхшээлүүд цөөнгүй гардаг бөгөөд үүнд тухайн улсын дүрэм журам, хэрэглэгчдийн онцлогийг ойлгох шаардлага гардаг. Филиппиний хувьд санхүүгийн сахилга бат тогтоогүй хэрэглэгч олонтой, мөн манайх шиг ганц иргэний үнэмлэхтэй биш, олон төрлийн бичиг баримттай гэх зэрэг онцлогууд байсан. Тухай бүрд нь шийдлийг олоод явж байгаа, тухайлбал зээл авахад eKYC хэмээх шийдэл боловсруулж, зээл хүсч буй хүн бичиг баримтынхаа хамтаар өөрийн зургаа авч явуулан гэрээсээ гаралгүй зээл авах боломжтой болсон. Энэ болгоныг мэдэрч, тохиромжтой шийдэл олохын тулд Филиппинд филиппин хүмүүсээр бүрдсэн “АНД Глобал”-ын баг ажилладаг тул амжилттай ажиллаж чаддаг ажээ. Энэ мэтээр тус компанид англи, япон хүмүүс мөн ажилладаг. 

Хэтийн зорилго 

“АНД Глобал” нь Юникорн буюу тэрбум долларын үнэлгээтэй стартап компани болж, монгол хүмүүс хамтраад юу хийж чаддагийг харуулж, дэлхийд монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх томоохон зорилготой ажиллаж байгаа билээ. “Юникорн” гэж үлгэрт гардаг “нэг эвэртийг” хэлдэг бөгөөд энэ нэр томъёог анх 2013 онд хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Aileen Lee гаргасан байна. “АНД Глобал” нь өдгөө Японы “Марүбэни” корпорац, Филиппиний “7Eleven” сүлжээ супермаркеттай түншлэн эн тэнцүү хамтарч ажиллаж байгаа нь залуухан монгол компанийн хувьд бахархууштай. Эдгээр компаниудтай хамтарч гаргах бүтээгдэхүүн нь амжилттай болж, энэ амжилтаа улам ахиулан, ховорхон тохиох үлгэрийн “нэг эвэрт” Юникорн болж, бизнесийн ертөнцөд нар мэт гэрэлтээсэй хэмээн хүсэн ерөөе.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл (№92)

Previous article

Ажил хэрэгч тойм: Amazon, ХАА-н биржийн шаардлага, НӨАТ-ын хөнгөлөлт

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like