Монгол-Японы цахим форумын үеэр Японы талаас зохион байгуулсан “Монгол бүтээгдэхүүнийг Япон руу экспортлохыг дэмжих онлайн семинар”-ын хүрээнд Япон дахь банк, онлайн маркетинг, онлайн худалдааны компаниудын төлөөлөл танилцуулгаа хийхийн зэрэгцээ Монголын үйлдвэрлэгчдэд экспорт хийхдээ анхаарвал зохих зарим зүйлийг онцоллоо. Цахим форумд www.exportmongolia.org цахим талбараар оролцох боломжтой. 

Мэдээллийн дутмаг байдал 

Японы ЖДҮ эрхлэгчдээс “Монголоос ийм бүтээгдэхүүн импортлох хүсэлтэй байна”, “Монголоос ийм хүсэлт ирсэн юм хэр найдвартай компани бол? Бараа бүтээгдэхүүн баталгаатай илгээх болов уу?” зэрэг асуулт ихээр ирдэг хэмээн ХХБ-ны Токио дахь Төлөөлөгчийн газрын дарга Учида Хажимэ онцоллоо. Харамсалтай нь Монголд үндэсний компаниудын судалгаа хийдэг байгууллага, Японы компаниудыг үнэлж, судалсан тайлан байдаггүй. Компаниудын тухай мэдээлэлтэй цорын ганц байгууллага нь банк. 

Иймд ААН-үүд онлайн орчинд мэдээллээ байршуулах, экспортыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг агентлаг, байгууллагуудыг эрэлхийлж холбогдох зэрэг бүхий л боломж, гарцыг эрэлхийлж Япон дахь боломжит түнштэйгээ илүү ойртох хэрэгтэй. Тодруулбал, Жижиг дунд үйлдвэрийн газар, ЖАЙКА-ийн Moнгoл дахь Төлөөлөгчийн газар, Монгол-Японы төв, Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ зэрэг байгууллагаас мэдээлэл авах боломжтой. 

Маркетингийн ухаалаг стратеги

Японы зар сурталчилгааны зах зээлд интернэт сурталчилгааны эзлэх хувь сүүлийн гурван жилийн турш тасралтгүй нэмэгдэж байна. Тэр дундаа ухаалаг утсанд зориулсан видео зонхилох байр суурь эзэлж байгаа тул маркетингийн стратегиа үүнд чиглүүлвэл зохилтойг тус улсын видео маркетингийн Flagship Orchestra компанийн үүсгэн байгуулагч Сүзүки Кеита тэмдэглэв. 

Импортын бараа бүтээгдэхүүний сурталчилгааны хувьд маркетингийн юүлүүрийн эхний буюу танигдах үе шатад телевизийн болон Youtube сурталчилгаа. Хоёр дахь харьцуулах, давуу талаа таниулах шатад сошиал сувгууд, нөлөөлөгчид болон вэбийг ашигладаг бол гурав дахь буюу шийдвэр гаргалтын үед интернэтийн хайлтын системийн илэрц, худалдааны төвөөр дамжуулан сурталчилгаа хийдэг. Бага зардлаар хэрэглэгчиддээ хүрэхийн тулд сурталчилгааг гурав дахь үе шатаас эхлэх нь илүү үр дүнтэй байдгийг тэрбээр онцлов. 

Монголын жамц давс, ноос ноолуурыг мэддэг ч яг аль нэг үйлдвэрийн эсвэл брэндийн гэж танигдаагүй байдаг.

Монголоос Япон руу экспортолж буй бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд ерөнхийдөө танигдсан боловч бүтээгдэхүүн дангаараа нэр хүнд багатай байдагт гол асуудал оршдог. Тухайлбал, Монголын жамц давс, ноос ноолуурыг мэддэг ч яг аль нэг үйлдвэрийн эсвэл брэндийн гэж танигдаагүй байдаг. Тиймээс хэрэглэгчид танай бүтээгдэхүүнийг сонгоход нөлөөлөх дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. 

Бүтээгдэхүүнийхээ зургийг цагаан фон дээр, хувцас бол загварлаг байдлаар өмссөн зэргээр нүдэнд өртөхүйц байхад анхаарах. Видео сурталчилгааны хувьд нэг минутаас дээшгүй урттай байх. Цахим худалдааны платформ дээр 10-аас доошгүй эерэг сэтгэгдэлтэй болох. Ингэснээр бүтээгдэхүүний үнэлгээ дээшилнэ. Үүний тулд мэдээж бүтээгдэхүүний, сав баглаа, хүргэлтийн чанар сайн байх ёстой. Бүтээгдэхүүний чанарыг хадгалахын тулд ачилт хийх үед сайтар хяналт, шалгалт хийх нь чухал. Эс бөгөөс чанарын хяналт, өндөр шаардлагатай япон хэрэглэгчдийн шалгуурт нийцэхгүй байх эрсдэлтэй. 

Япон улсын холбогдох хуулиудыг харгалзах. Тухайлбал, Бүтээгдэхүүний шошгоны тухай хуульд сурталчилгаанд хэрэглэж болохгүй үгс зэргийг тусгасан байдаг тул сайтар судлах нь зүйтэй. 

Онлайн худалдааны боломжууд

Японы онлайн худалдаа, гадаад худалдаа, ложистикийн зөвлөх үйлчилгээний MiRise Japan ХК-ийн төлөөлөл онлайн худалдаа эрхлэх туршлагаасаа хуваалцсан юм. Тус компани нь Rakuten, Yahoo, Amazon зэрэг Япон дахь онлайн платформтой хамтран ажилладаг. Үйл ажиллагаа нь үнэ тогтоолт, борлуулалтын урьдчилсан тооцоо, борлуулалтын гүйцэтгэл, SEO буюу хайлтын системийн оновчлол зэрэг онлайнаар бүтээгдэхүүнээ борлуулахад чухал бүхий судалгаа, тооцооллыг хийхэд чиглэдэг. Түүнчлэн, компаниудад бүтээгдэхүүнээ өөрийн сайтаар борлуулж Amazon-д төлдөг борлуулалт шимтгэл, тээвэрлэлтийн зардлыг бууруулах зэрэгт нь дэмжлэг үзүүлдэг аж. 

MiRise Japan компани Монголоос импортлох боломжтой хэд хэдэн бүтээгдэхүүнийг судалж үзсэнээр эхний ээлжинд импортлоход хамгийн хялбар бүтээгдэхүүн болох Uisen брэндийн арьсан улавчийг сонгож судалгаа хийж байгаа аж. Amazon дээрх ижил бүтээгдэхүүнтэй харьцуулсан судалгааг хийсний үр дүнд сард 500 орчмыг борлуулах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Эхлээд зардлын загварчлал болон үнийн тооцоог гаргасны дараа Amazon сайтыг үүсгэх, гэрээ байгуулөх, Монголоос нийлүүлэх бүтээгдэхүүний төлбөрийг төлөх, импортолж агуулахад хүргэх, борлуулах гэсэн шат дарааллаар ажилладаг. 

Японы онлайн зах зээлд Монголоос бүтээгдэхүүнээ борлуулах B2C, B2BC гэсэн хоёр төрөл бий. B2C загвараар явахад хэрэглэгч тус бүрээр хүргэлт, түгээлтийн төлбөр төлөх шаардлага гардаг тул зардал өндөртэй бөгөөд бизнес болж чадахгүй байх магадлал өндөр. Тиймээс ихэнх компани B2BC буюу бүтээгдэхүүнээ Япон руу багцаар нь илгээж, борлуулагч компаниудаар борлуулах аргыг ашигладаг. Энэ тохиолдолд тээврийн зардлаа бууруулах боломжтой ч Япон талаас импортолж борлуулах компанитай байх ёстой. Энэ чиглэлд MiRise Japan компани хамтран ажиллахад нээлттэй бөгөөд хамтран ажиллахыг хүсвэл contact@mirisejapan.com хаягаар холбогдох боломжтой. 

Өмнөх нийтлэлийг эндээс уншина уу.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б.Мишээл

Экспортлогч ААН-үүдийг дэмжиж, санхүүжилт олгоно

Previous article

#ТахлынҮеийнБизнес: Спортын тэмцээнүүдийг хорьсноор борлуулалт 60% буурсан

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like