А.Эрдэнэчимэг. 

OБЗЕРВ Консалтинг ЗҮБ-ын 

хүнсний аюулгүй байдал хариуцсан зөвлөх

Хүнсний гинжин хэлхээний оролцогч талууд хүнсний аюулгүй байдлаа хангах нь үндэсний хүнсний аюулгүй байдлын зорилгын чухал стратеги юм.

***

Хүнсний аюулгүй байдлаа хангах нь яагаад чухал вэ?

Та амьдралдаа хоолны хордлого болж байсан уу? Үгүй гэж хэлэх нь бараг гарахгүй.

Суулгалтаас эхлэн хавдар хүртэлх 200 гаруй өвчин үүсгэгч бактери, вирус, шимэгч эсвэл химийн үлдэгдэл агуулж буй бодисыг хүнс гэнэ. Дэлхийн хүн амын 600 орчим сая буюу бараг 10 хүн тутмын нэг нь хоол хүнснээс шалтгаалах халдварт өвчин туссан байдаг ба жил бүр 420 орчим мянган хүн нас бардаг. Үүнээс 40% нь 5-с доош насны хүүхдүүд байдаг бөгөөд эдгээр хүүхдүүдийн 125 мянга нь нас бардаг [3] гэсэн судалгааг ДЭМБ гаргажээ [4].  Манай орны статистик мэдээг сүүлийн 10 жилээр авч үзвэл:

Сүүлийн 10 жилийн дунджаар хоолны хордлогот халдварын 441 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд харьцуулахад 1.5 байна. Хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлтийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа ба 2015 онд 8, 2019 онд 19 удаагийн дэгдэлт бүртгэгдэж байсан бол 2020 оны оны байдлаар 11 удаагийн дэгдэлт бүртгэгдсэн байна. Сүүлийн 10 жилийн байдлаар бүртгэгдсэн бактерийн гаралтай бусад хоолны хордлогот халдварыг авч харьцуулахад 2012, 2019 онуудад хамгийн их тохиолдол бүртгэгдээд байна.

Хоолны хордлогот халдварын тохиолдол. Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлт, 2020 тайлан Эрүүл мэндийн хөгжлийн төв

Хүнсний аюулгүй (food security) байдал гэдэг нь “Хүн бүр идэвхтэй, эрүүл амьдрах хэрэгцээг хангахуйц, аюулгүй, тэжээллэг хоол хүнсээр бие бялдар, нийгэм, эдийн засгийн хүртээмжтэй байдлаас үл хамааран хэрэглэх боломжтой байхыг хэлнэ” гэж НҮБ-н Дэлхийн хүнсний аюулгүй байдлын хорооноос тодорхойлсон байдаг. Тэгвэл дээр дурдсан тооноос хүн бүр аюулгүй хүнсээр хангагдах боломж бүрдэхгүй байгаа нь тодорхой байна.

Үүнээс үүдэн хүн амыг аюулгүй хүнсээр хангах асуудал хөндөгдөж байгаа ч харамсалтай нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал нь зөвхөн хүнсний үйлдвэрийн асуудал гэсэн ташаа ойлголт байсаар байна.

Хүнсний сүлжээ, түүний оролцогч талууд

Та бидний хоол хүнс ширээн дээр идэхэд бэлэн болж ирэх хүртлээ ихээхэн урт аялал хийдэг. Жишээ нь бидний сайн мэдэх талхыг аваад үзье. Улаан буудайг тариалах, ургуулах, хураах- хадгалах- тээвэрлэх, гурил болгох-Хадгалах- Тээвэрлэх- талх болгох- тээвэрлэх-худалдаалах гэх мэт процессуудын үр дүнд талх бидний ширээн дээр ирнэ. Бидний идэж буй талхны чанар, аюулгүй байдал Тариаланч, Гурил үйлдвэрлэгч, Талх үйлдвэрлэгч, Тээвэрлэгч, Худалдааны байгууллагуудаас хамаарах нь ээ.

Тэгвэл хүүхдүүдийн дуртай бялууг аваад үзье. Талхтай харьцуулахад бялууг илүү олон түүхий эд, материал орцоор үйлдвэрлэнэ. Бялуунд орж буй түүхий эд, материал орцууд илүү эмзэг бөгөөд магадгүй  өөр өөр ханган нийлүүлэгчдээс ирж байгаа. Түүхий эд төдийгүй бялууг үйлдвэрлэх процесс өөрөө олон шат дамжлагатай, өөрөөр хэлбэл илүү нарийн нийлмэл.  Бүтээгдэхүүн илүү нарийн нийлмэл болох тусмаа хүнсний аюулгүй байдлын эрсдэл илүү нэмэгдэх ба чанар, аюулгүй байдлыг хангах нь илүү төвөгтэй асуудал болж хувирна.

Эцсийн хэрэглэгчид бид талх, эсвэл бялуу гэх мэт эцсийн бүтээгдэхүүнийг л харж, хэрэглэгдэг ба чанар, аюулгүй байдлыг нь ч эцсийн бүтээгдэхүүнтэй л холбон авч үздэг. Гэвч хүнсний бүтээгдэхүүний хувьд түүний бүтээгдсэн бүх үеийн (процесс, шат дамжлага) турш чанар аюулгүй байдал нь  хангагдаж байж сая эцсийн бүтээгдэхүүн дээрээ хангагдах боломжтой. Нэг үйлдвэрлэгч юм уу эсвэл нэг ААНБ дангаараа өөрийн бүтээгдэхүүнийхээ хүнсний аюулгүй байдлыг хангах нь нэлээд сорилттой ажил. Учир нь дээр авсан жишээн дээр тайлбарласанчлан тухайн ААНБ-н бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал нь дан ганц өөрөөс нь биш бусад оролцогч талуудаас ихээхэн хамаарч байгааг бид ойлголоо.

Иймээс хүнсний гинжин хэлхээний оролцогч бүх тал чанар, аюулгүй байдал дээр өөр өөрийн үүрэг, хариуцлагаа хангачихвал үндэстний хувьд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгод хүрч болох ажээ. Энэ бол олон улсад баримталдаг стратеги.

Тэгвэл хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нь зөвхөн хүнс үйлдвэрлэгчийн асуудал биш юм бол хэний асуудал вэ?

Хүнс үйлдвэрлэх үйл явц нь өөрөө гинжин хэлхээ бөгөөд Монгол улсын Хүнсний тухай хуульд “хүнсний сүлжээ” гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагаа гэж тодорхойлсон байдаг.

Харамсалтай нь энэ хэлхээний багахан хэсэг л хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхээр зүтгэж байна. Тэд бол хүнс үйлдвэрлэгчид.

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдэд зориулав

Бид хүнс үйлдвэрлэгчид ААНБ-уудтай хүнсний бүтэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах хүрээнд ISO22000, FSSC22000 олон улсын стандартууд, НАССР, HALAL дэглэм, GMP, GHP, GAP зохистой дадлуудыг нэвтрүүлэхэд хамтран ажиллаж байна. Манай орны хувьд өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран зохистой дадал нэвтрүүлсэн байхыг хуулиар (Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7.1) шаардсан байдаг ч хүнс үйлдвэрлэгчдээс бусад нь үүнийг төдийлөн анхаарахгүй үзэгдэл байсаар байна.

Олон улсын фрэнчайз нэгэн ресторан Монголд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ бүтээгдэхүүнээ савладаг цаасан хайрцгийг нь нийлүүлдэг хэвлэлийн компанид очиж хүнсний аюулгүй байдлын аудит явуулах гэхэд цаад компани нь “Та нар компани андуураагүй биз, бид хүнсний биш, хэвлэлийн үйлдвэр” хэмээн асууж байсан нь манай хүнсний гинжин хэлхээний бусад оролцогч талуудын мэдлэг ойлголтын түвшинг харуулах ажээ. Мэдээж бүгд ийм биш ч Хүнсний гинжин хэлхээний үйлдвэрлэгчээс бусад оролцогч талууд ХАБ-г хангахад үүрэг, хариуцлагатай гэдгээ төдийлөн ойлгож ухамсарлаагүй байдал нийтлэг байна.

2013 онд мал аж ахуйд хэрэглэсэн нянгийн эсрэг бодисын (антибиотик) хэрэглээ 131,109 тонн байсан ба 2030 он гэхэд 200,235 тоннд хүрэх төлөвтэй байна

Чацарганаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг манай нэгэн харилцагч ISO22000 стандарт нэвтрүүлсэн юм. Үндсэн түүхий эд болох чацаргана тариалж нийлүүлдэг нэгэн нийлүүлэгчээсээ бүтээгдэхүүндээ хүнд металлын үлдэгдлийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй болсон тухай шаардлагаа хэлэхэд “Бид тэгж чадахгүй ээ, бидэнд лаборатори ч алга, та нар авбал ав, авахгүй бол манай чацарганыг авах гэсэн зөндөө үйлдвэр байна цаана чинь” гэж хариулж байх жишээтэй. Дээрхтэй төстэй хандлага, ухамсар хүнсний гинжин хэлхээний оролцогч талууд болох тариаланчид, импортлогчид, агуулах савны эзэд болон бөөнөөр худалдаалагчид (томоохон агуулах савтай, голдуу ченж гэж нэрлэгддэг хувь хүмүүс), тээвэрлэгчид, хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэгчид (horeca) гэх мэт талуудад нийтлэг байна.

Энэхүү нийтлэл маань хүнсний сүлжээний бусад оролцогч талуудад хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд ямар үүрэг оролцоотой болох талаар нь мэдлэг мэдээлэл өгөхөд илүү чиглэж байгаа бөгөөд энэ асуудлаар оролцогч талуудын ХАБ-ыг хангах хүрээнд анхаарах ёстой гол зүйлүүд, эмзэг байдал, үүрэг, хариуцлагын талаар товч тайлбарлая.

Хүнсний сүлжээний оролцогч талуудыг тус тусад нь авч үзвэл: 

Мал аж ахуй: Мал аж ахуйн хүнсний аюулгүй байдлын хэлхээнд хамаарах үндсэн асуудал нь эмийн болон дааврын бэлдмэлийн үлдэгдэл малын гаралтай бүтээгдэхүүнд зөвшөөрөгдсөн хэмжээнд байх явдал юм.

Мал амьтны өсөлтийг түргэтгэх, ашиг шимийг дээшлүүлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, тэжээлийг нь удаан хадгалахын тулд янз бүрийн нэмэлт тэжээл, эмийн ба химийн бэлдмэл, аминхүчил, эрдэс бодис, фермент, антибиотик, сэргээш, бактерийн эсрэг нэгдлүүд, антиоксидантууд, үнэр оруулагч, будагч зэргийг өргөн хэрэглэдэг.

Эдгээрээс дийлэнх нь гадны нэгдэл болох тул мах, сүү зэргээр дамжин хүний биед орох тохиолдолд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх уршигтай. Иймээс малын гаралтай бүтээгдэхүүнд төрөл бүрийн эмийн үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой. Үүний тулд мал аж ахуй эрхлэгч нь зөвшөөрөгдсөн малын эм, эмийн бэлдмэлийг дур мэдэн хэрэглэхгүй байх, эм эмийн бэлдмэл хэрэглэсэн малаас тогтоосон хугацааны дараа мах, сүү зэргийг бэлтгэн нийлүүлснээр хүнсний сүлжээн дэх аюулгүй байдлыг хангана.

Манай оронд тулгараад буй нэг асуудал нь малын нядалгааг уламжлалт аргаар хээрийн нөхцөлд хийх, улмаар тухайн газрын хөрс нь малын гаралтай түүхий эдээр бохирдох явдал юм. Өөрөөр хэлбэл, нядалгааны зориулалтын байр, талбайд зохих ариун цэврийн горимыг баримтлан ажиллагаагүйгээс бохирдол үүсч байна гэсэн үг. Энэ бохирдсон хэсэгт дараагийн мал бэлчинэ, дараагийн ургамал, ногоо ургана гэх мэтээр нөгөө л хэлхээний маань нэг хэсэгт бохирдол үүсээд байгаа юм. Энэ асуудлыг хэн нэгэн ААНБ дангаараа шийдэх боломжгүй гэж хардаг. Үүнийг төрийн бодлогын хэмжээнд авч үзэж, шийдвэр гаргах ёстой.

Газар тариалан: Газар тариалангийн хувьд хамгийн ихээр яригддаг асуудал нь пестицид юм. Зарим пестицид амьд организмд хуримтлагдах шинжтэй бөгөөд хүнсний гинжин хэлхээгээр шат ахих тусам концентраци нь нэмэгддэг. Улмаар тухайн организмаар хооллосон дараагийн амьтны биед илүү өндөр тунгаар орох замаар цааш дамждаг. Зүйрлээд хэлбэл хүний нас шиг, бид залууждаггүй бөгөөд хугацаа өнгөрөх тусам бид  улам л өтөлдөгтэй адил.

Нөгөө талаас хөнөөлт хортнууд пестицидэд дасал болсны улмаас илүү концентрацитай пестицид хэрэглэх шаардлага үүсч улмаар хүнсний бүтээгдэхүүнд үлдэгдэл илрэх магадлал даамжран нэмэгддэг. Үүнээс дүгнэхэд газар тариаланд хэрэглэж буй пестицид нь дээр дурдагдсан малын эмийн үлдэгдэлтэй адил хүний биед орох, хуримтлагдах эрсдэл болж байна. Иймээс газар тариалан эрхлэгчид пестицидыг заасан тун хэмжээгээр, тогтоосон хугацаанд ашиглах, үүнийгээ дотоод хяналт, чанарын хяналтаар байнгын хяналт тавьж байх шаардлага тулгарч байна. Тариалангийн бизнес эрхэлдэг ААНБ-уудын хувьд чанарын дотоод хяналтаа үр дүнтэй бий болгохын тулд хүний нөөц болон тоног төхөөрөмжийн талаараа чадавхижих хэрэгцээ байдаг нь ажиглагддаг.

Түүнчлэн бордоог зөв зохистой ашиглах нь зүйтэй бөгөөд бордоог буруу хэрэглэснээс үүдэн хүнсний бүтээгдэхүүн бохирдох байдал үүсч болзошгүй.

Боловсруулах үйлдвэрүүд: Мал аж ахуй болон газар тариалангаас эцсийн бүтээгдэхүүн болж гарсан бүтээгдэхүүнүүд нь боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эд болдог. Мэдээж энэ түүхий эд аюулгүй байж гэмээ нь дараагийн үйлдвэрлэх бүтээгдэхүүн аюулгүй байна. Аюулгүй түүхий эдээр аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд олон хүчин зүйлс нөлөөлөх хэдий ч хамгийн эхний алхам нь хүнс үйлдвэрлэх угтвар нөхцөлийг бүрдүүлэх буюу зориулалтын байр, талбайг зохих дэд бүтэц, нөөцтэйгээр зохион байгуулах явдал юм.

Хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах, савлах, тээвэрлэх, худалдах чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч: Хүнсний бүтээгдэхүүний баяжуулалт, савлагаа, хадгалалт, тээвэрлэлт, экспорт, импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ч мөн хүнсний үйлдвэрүүдтэй адил угтвар нөхцлийг зохих дэд бүтэцтэйгээр шийдвэрлэснээр гинжин хэлхээнд гүйцэтгэх үүргээ биелүүлнэ.

Хоол үйлдвэрлэлийн салбар (horeca): Дараагийн нэг үе шат нь хоол үйлдвэрлэгч нар бөгөөд гинжин хэлхээн дэх бусад салбараас ялгарах онцлогтой. Энэ нь бэлэн бүтээгдэхүүнээ сав баглаа боодолгүйгээр шууд таваглан олгодог. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах эрсдэл нь тэр хэрээр нэмэгдэж байдаг гэсэн үг.

Өмнө дурдсанчлан Монгол Улсын хувьд хүнсний гинжин хэлхээний оролцогч талуудаас зөвхөн боловсруулах үйлдвэрүүд л өөрийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахын төлөө илүү манлайлалтайгаар хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа нь бусад оролцогч талууд өөрсдийн нөлөөлөл, үүрэг хариуцлагынхаа талаар хангалттай мэдлэг, мэдээлэлгүй байдагтай холбоотой.

ОБЗЕРВ Консалтинг ЗҮБ-ийн хүнсний гинжин хэлхээний аль ч салбарын ААНБ-уудтай хамтран ажиллаж хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөгөө, сургалт явуулж ба хүнсний гинжин хэлхээний оролцогч талуудын онцлог хэрэгцээнд тохирсон сургалт болон зөвлөх үйлчилгээний хөтөлбөр боловсруулан санал болгодог. Мөн чанарын менежер, хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэх дипломын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Цагийн менежментээ сайжруулах “анхан шатны тусламж”

Өмнөх нийтлэл

ЖДБ дэх санхүүгийн удирдлагын түвшингээ хэмжих “сонжоо”

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.