Дэлхий дахинд цар тахалын хоёрдугаар давалгаа хэдийнэ хүчээ авчээ. Монгол Улс дотроо халдвар алдах эрсдэл ч байсаар байна. Өөрөөр хэлбэл, цар тахал бидний өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болоод байна.
Монголд бизнес “Ковид-19”-ийн үр дагаварыг яс махандаа мэдрэгдтэл амсаж байгаа. Цаашдаа, дор хаяж ойрын хоёр жилд цар тахалыг бизнесийн стратеги, зорилго, зорилтын томоохон хэсэг болгож явахаас өөр аргагүй байдалд орлоо.
Үүнтэй холбоотой Business.mn сэтгүүлийн экспертүүд цар тахалын эринд бизнесийнхээ стратеги, санхүү, хүний нөөц, эрсдэлээ хэрхэн төлөвлөх талаар санал бодлоо бичлээ. Харин Улаанбаатар хотын худалдааны танхимын Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ Ковид-19-тэй холбоотой төрөөс хэрэгжүүлсэн арга хэмжээ ямар үр дүн авчирсан, ялангуяа жижиглэн худалдаа эрхлэгчид ямар байдалтай байгаа талаар өөрсдийн хийсэн судалгааныхаа үр дүнг хуваалцлаа.
Уламжлал ёсоор Business.mn сэтгүүл дижитал шилжилттэй холбоотой материалууд нийтэллээ. “Одо экосистемс”-ийн Үүсгэн байгуулагч Ч.Машаа худалдааны салбар хэрхэн цахим болж эхэлж байгаа талаар “Манлайлагч” буланд дэлгэрэнгүй ярилаа. Санхүү, худалдаанаас гадна даатгал, хэрэглэгчийн үйлчилгээ ч дижитал болж байгааг Тэнгэр даатгал ба S.A.B.A компанийн жишээнээс харж болно.
Энэ дугаарын гол зочноор “Промон трейд” компанийн Ерөнхий захирал Н.Оюунбат оролцож байна. Түүнийг Италийн алдарт United Colors of Benetton брэндийг Монголд оруулж ирсэн гэдгээр нь мэдэх ч сүүлийн үед эмэгтэй бизнес эрхлэгчийн хувьд хүнд гэмээр яс боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд ажиллах болсныг нь тэр бүр мэдэхгүй. Монголд үндэсний боловсруулах үйлдвэрлэлийн цоо шинэ чиглэлд инноваци шийдэл нэвтрүүлж, нөр их хүч, цаг хугацаа заран ажиллаж байгаа түүний бизнесийн эр зоригийн тухай “Амжилтын эзэн” булангаас уншаарай.