Сүүлийн хэдэн сард бизнес эрхлэгчдэд хүндрэл үүсгэсэн гол асуудлуудын нэг бол хөл хорио байв. Гурав дахь удаагаа хөл хорионд ороод буй энэ үед ихэнх компани ямар нэг байдлаар зайнаас ажиллах арга барилтай болсон хэдий ч өмнө нь тулгарч байгаагүй олон бэрхшээлтэй нүүр туулж буй. Иймд зайнаас ажиллахтай холбоотой бэлтгэлээ хангасан эсэхээ нягталж, орхигдуулсан зүйл байвал засаж залруулахад тань тус болох зөвлөгөөг хүргэж байна.
Мэдээлэл шинэчлэх
Зайнаас ажиллах шаардлага тулгарсан үед компаниуд юун түрүүнд ахмад настан, архаг өвчтэй болон жирэмсэн хүмүүс зэрэг эрсдэлтэй бүлгийг тодорхойлж, бүх ажилтныхаа холбоо барих мэдээллийг шалгаж, шаардлагатай бол шинэчлэх хэрэгтэй.
Зайнаас ажиллах журам
Ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, хөдөлмөрийн сахилга, хариуцлагыг тодорхойлж зайнаас ажиллах зохицуулалтыг байгууллагынхаа дотоод журамд тусгах эсвэл тус журмын нэг хэсэг болох тусдаа журам гаргаж болно. Эдгээрийг тодорхой зааж өгөхгүй бол ажилтны гүйцэтгэлийг үнэлж, ямар нэг зөрчил гарсан тохиолдолд хариуцлага тооцох боломжгүй болдог. Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээний гүйцэтгэл үнэлэх, нөхцөл шаардлагуудаа шинэчлэх хэрэгтэй.
Нууцлал
Зайнаас ажиллах үед анхаарах хэрэгтэй өөр нэг чухал зүйл бол нууцлалын асуудал. Биеэр уулзаж, ярилцах боломжгүй тул байгууллагын нууц бүхий баримт бичгийг алсаас хэрхэн солилцох, ашиглаж буй программ хангамж, системүүд нууцлал хангасан эсэхийг мөн нягтлах хэрэгтэй.
Уян хатан цагийн хуваарь
Цар тахлын үед дэлхий даяар байгууллагууд уян хатан ажлын цагийн бодлого баримталж буй. Энэ хүрээнд НҮБ-аас 2011 онд баталсан “Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмууд”, 2015 онд баталсан “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд” болон НҮБ-ын Хүүхдийн сангаас баталсан “Хүүхдийн эрх, бизнесийн зарчмууд” зэрэг баримт бичгийг хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаандаа тусгах боломжтой. Ингэснээр ажилтан, ажил олгогч хоорондын ойлголцол, итгэлцэл нэмэгдэхээс гадна олон улсад үнэлэгдэх давуу талтай.
Зайнаас ажиллахтай холбоотой асуудлууд, цар тахалтай холбоотой эрх зүйн зохицуулалт ба Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан онцлох өөрчлөлтүүдийн тухай энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр iGeree.mn төслийн зөвлөх, MDS & Khanlex ХХН-ийн партнер С.Батбуян танилцууллаа. “Зайнаас ажиллах үеийн хууль эрх зүйн зарим зохицуулалт” сэдэвтэй энэхүү вэбинарыг бүрэн эхээр эндээс үзнэ үү.
Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт SABA ХХК–ийн захирал Б.Сарантуяа оролцож “Мэдээллийн технологийн шийдэлтэй борлуулалтын тактикууд” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай.
Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars