“Хөдөө амьдаръя” төслийг санаачлагч Ч.Батцэцэг
Цар тахлын дараах хамгийн таатай шинэ хэвийн байдлыг би хувьдаа хөдөө амьдрах гэж харж байна. Хөдөө амьдарна гэдэг зөвхөн байрлалаа солино гэсэн үг биш. Том хотын амьдралын зарим зуршлаасаа татгалзах, байгальтай зохистой харилцаж сурах, хөдөлмөрийн хуваариа өөрчлөх, орон нутгийн онцлогт дасан зохицох, хөдөөгийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүлээлттэй тулгарах гээд тэс өөр хэв маягаар амьдрах тухай юм. Иймд “Хөдөө амьдаръя” төсөл энэ төрлийн шилжилт хөдөлгөөнийг зөв сэдэлжүүлэх, оновчтой чиглүүлэх, шилжилт хөдөлгөөнд оролцогсдын эрхийг хамгаалах, хамтын ажиллагааг өрнүүлэхэд анхаарч ажиллана.
Орон нутагт мөнгөнөөс илүү менежмент огт алга. Тэгэхээр Улаанбаатарт бөөгнөрчихөөд байгаа, эсвэл гадаад руу явчихаад байгаа мэдлэг, туршлага, авьяасыг орон нутаг руу “экспортолж”, тэнд байгаа хүмүүсийг өөрсдийг нь чадавхижуулж, өөрсдийнх нь хүчээр сумыг хөгжүүлэх арга зам юу байна?
Африкийн жишээг ярихад энэ тивийн олон орны иргэд ядуурлаас дайжиж Америк, Канад, Европ руу маш их шилжсэн, дүрвэсэн. Үр дүнд нь Африкт боловсон хүчин, авьяас, мэргэжилтнүүд тун цөөхөн болж, оронд нь ядуурал, авлига газар авсан. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Африкийн засгийн газрууд нийлээд MIDA (Migration for Development in Africa) нэртэй хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэхдээ баруунд нэгэнт амьдралаа олчихсон иргэдээ эргээд ир гэж ятгаагүй. Үүний оронд онлайнаар эсвэл түр томилолтоор ирэх байдлаар төрсөн нутагтаа зөвлөх үйлчилгээ үзүүлэх саналыг тавьж байсан. Энэ арга үр дүнгээ өгч, эх орондоо эргэн ирж амьдарсан тохиолдлууд ч байдаг. Хөгжлийн төлөөх шилжилт хөдөлгөөн бол харъяаллаа өөрчлөхөөс илүү өргөн утгатай. Ур чадвар, инноваци, технологи, хөрөнгө оруулалт, хүн хүчний шилжилт, сэлгэлт юм.
Хөгжлийн төлөөх шилжилт хөдөлгөөн бол харъяаллаа өөрчлөхөөс илүү өргөн утгатай. Ур чадвар, инноваци, технологи, хөрөнгө оруулалт, хүн хүчний шилжилт, сэлгэлт юм.
Хөдөө амьдаръя төслийн хүрээнд өнгөрсөн оны 11 дүгээр сард бид “Хөдөө амьдаръя I – Хутаг-Өндөрийн мэдээллийн өдрүүд” нэртэй 4 өдрийн цогц үйл ажиллагааг Хутаг-Өндөр суманд зохион байгуулж, Улаанбаатараас 40 гаруй хүн, орон нутгаас төдий хэмжээний хүн оролцсон. Хотоос сонирхож очсон хүмүүст нэг дороос цогц мэдээлэл авах, орон нутгийн нийгэм эдийн засгийн байдал, ард иргэдтэй танилцах боломжийг бүрдүүлж, нөгөө талаар орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах бололцоог нь хангаж өгсөн.
Үр дүнд нь Хутаг-Өндөр сумын ЕБС-ийг ХААИС-ийн лицей сургууль болгох алсын хараатайгаар байгалийн шинжлэх ухааны сонгон суралцах хөтөлбөртэй болгох санаачилга өрнөсөн. Багаасаа байгалийн шинжлэх ухаанд суралцсан хүүхдүүдээс ирээдүйн шилдэг фермерүүд, шинжлэх ухаанч малчид, газар тариалан, мал эмнэлгийн шилдэг мэргэжилтнүүд төрөн гарна гэж итгэж байна. Хүүхдийн эрх, боловсрол зэрэг салбар салбарын зөвлөхүүд уг төсөл дээр пробоно (сайн дурын ажил) хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой. Цаашлаад Хутаг-Өндөрт амьдарч, тэндээ багшлаад үлдэх хүмүүс ч байхыг үгүйсгэхгүй.
Мөн үйл ажиллагааны үеэр үхрийн аж ахуйн кластерын 2 өдрийн сургалт хийсэн бөгөөд үр дүнд нь Хутаг-Өндөр суманд махны кластер байгуулагдах гэж байна. Тус сумын хувьд фермерийн аж ахуй тодорхой түвшинд хөгжчихсөн газар. Олон улсын шаардлага хангасан өндөр чанарын махыг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг кластер байж болох юм гэсэн санаа. Монголын зочлох үйлчилгээний салбарынханд зориулж гаднаас импортлоод байгаатай адилхан үхрийн стейкний махыг Монголдоо үйлдвэрлэж, цаашлаад экспортлож болно. Махны кластерын санаачилгад орон нутгийн фермер, малчид, бизнес эрхлэгчид, нутгийн удирдлагаас гадна санхүү, хүний эрх, менежментийн зөвлөхүүд, бэлчээр, тэжээлийн мэргэжилтнүүд, судлаачид гээд олон хувь хүн, байгууллага сайн дурын үндсэн дээр нэгдэж байна. Жижиг дунд үйлдвэрийн газар, МҮХАҮТ нар маш их дэмжиж, хамтран ажиллаж байна.
Хутаг-Өндөр сумын засаг дарга лицей сургууль болон махны кластерын санаачилгыг үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулж төлөвлөсөн нь төрийн зүгээс том дэмжлэг юм. Ийм хэлбэрээр бид орон нутаг руу ур чадвар, мэдлэгийг шилжүүлэх, орон нутагт таатай сайхан амьдрах боломж байгааг хүмүүст харуулах, сайн туршлага, бодит жишээг бий болгохын төлөө хамтдаа хичээж байна.
Монгол Улсын хувьд хоршооллын хөдөлгөөн эхлээд олон жил болсон. Орон нутгийн иргэд төрөл бүрийн хоршоо, нөхөрлөл, нийгэмлэг байгуулан хамтарч бизнес эрхлэх боломж нээлттэй байгаа. Сүүлийн үед кластерын тухай их ярьж байна. Энэ бол хөгжингүй орнуудын хөдөө аж ахуйд туршигдаад амжилт олсон бэлээхэн загварууд. Гэхдээ яг хамтраад ажиллах гэхээр нэг л болж өгдөггүй. Үүний шалтгааныг дэлгэрүүлээч.
Би Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластерын УЗ-ийн даргаар хоёр дахь жилдээ ажиллаж байна. Миний мэддэг кластерын зарчмаар бол кластер гэдэг нь төр, хувийн хэвшил, судалгааны байгууллага хамтран үндэсний болон салбарын өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэх, нэг зорилгод чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, оролцогч талуудыг нэгтгэх замаар хурдан, хүнд сурталгүй, хүртээмжтэй, бүтээмжит механизм бий болгохыг хэлээд байгаа юм. Хоршооноос ялгаатай нь кластерт төр идэвхитэй оролцогч байж бодлого, эрх зүйн саад тотгоруудыг арилгаад явчихдаг. Судалгаа, шинжилгээний байгууллагууд бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд шаардлагатай судалгааг хийдэг. Компаниудын хувьд мөнгө санхүү, үйлдвэрлэлийн чадамж, зах зээлээрээ хамтардаг, зардлаа хэмнэдэг. Кластерт төрийн санаачлага, идэвхтэй оролцоо, бодлогын дэмжлэг маш чухал байр суурь эзэлнэ. Аль аль талдаа энийг ойлгож ухамсарлах, арга барилаа олоход хугацаа, туршлага хэрэгтэй.
Малчдад түүхий эд бий. Жаахан судалгаа, мэдээллээр хангаад, чадавхижуулаад өгвөл хамтраад илүү ашиг, орлого олох боломжтой. Гэхдээ яагаад хамтрахаас цааргалаад байна вэ? Яагаад тус тусдаа түүхий эдээ ачаад Улаанбаатар руу давхидаг вэ? Ядаж тээвэрлэлт дээрээ хоршиж болно биз дээ?
Бид яг үүнийг судлаад л байна. Нэг талаас иргэний нийгмийн манлайлал дутагдаад байх шиг. Нөгөө талаас иргэд өөрсдийн саналаа өгч сонгосон нутгийн удирдлагадаа хамгийн их итгэл хүлээлгэдэг бололтой. Орон нутгийн иргэд нэг нэгнийхээ санаачилгад нэгдэхээс илүү төрийн шийдвэрийг хүлээдэг. Бид орон нутагт сургалт зохион байгуулахдаа өөрсдөө зар тараахад хүмүүс бараг ирэхгүй мөртлөө ЗДТГ-аас зарлахад бүр хол нутагладаг малчид хүртэл ирж оролцож байсан. Орон нутагт төр нь өөрөө нөлөөлөгч, манлайлагч байдаг. Иймээс нутгийн удирдлага төрийн бус байгууллагуудаа дэмжих, идэвхитэй хамтран ажиллах замаар хүртээмжээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэвэл төрийн нөөц хүрэлцэхгүй байгаа хөгжлийн асуудлуудыг иргэний нийгэм, иргэдийн бүлэг, хувийн хэвшлүүд хамтын хүчээр шийдвэрлэх боломж бүрдэнэ. Үүнээс гадна нэгдсэн, хамтарсан сайн туршлагуудыг солилцлох, сурталчлах хэрэгтэй байх.
Монгол шиг тархай бутархай суурьшилтай, дэд бүтэц сул хөгжсөн оронд мэдээллийн технологи маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж судлаачид үздэг юм билээ. Малчдад хэрэгтэй зах зээлийн мэдээллийг тэдэнд илүү ойр байлгах ямар арга замууд байж болох вэ?
Мэдээллийн технологийн гарааны бизнесүүдийг орон нутагтаа олноор суурьшуулах, хөгжүүлэх хэрэгтэй. Технологийн салбарынханд хөдөө хийх ажил, сэдэх зүйл дэндүү их бий. Жишээ нь нэг өрхийг нэг компани гэж үзвэл үйлдвэрлэлийн өртөг, хүн/цагийн өртөг маш өндөр, өгөөж бага. Малаа өсгөх, хадлан тэжээлээ бэлтгэх, нядлах, тээвэрлэх, зарж борлуулах гээд бүх ажлаа малчид өөрсдөө хийдэг. Элдэв сургалт семинарт суух нь байтугай эмнэлэгт үзүүлэх цаг ч хомс. Гэтэл хөгжсөн орнуудад хонь хариулахдаа робот нохой ашиглаж байх жишээтэй.
Нэг өрхийг нэг компани гэж үзвэл үйлдвэрлэлийн өртөг, хүн/цагийн өртөг маш өндөр, өгөөж бага.
Тиймээс малчдын өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх, автоматжуулах шинэ санаа, инноваци, технологи, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Хутаг-Өндөрт шилжиж очсон, хонины фермтэй нэг залуу гэр бүл бий. Гурван айл хонио нийлүүлж нэг сүрэг болгоод сард арав арван хоногоор ээлжилж хариулахаар тохирсон гэнэ. Ингэхдээ сумын төвийн ойролцоо талхлагдсан бэлчээрт биш, зайдуу сайн бэлчээрт хариулна. Ээлжин дээрээ өөрийн буруугаас малын хорогдол гаргавал хохирлыг төлнө. Сард 10 хоног ажиллаж 20 хоног амарна. Энэ бол маш сайхан санаачилга.
Энэ мэт сайн жишээг нийтэд сурталчлах хэрэгтэй. Үйлдвэрүүд автоматжаад байгаа ч анхдагч үйлдвэрлэл болох мал аж ахуй нь хөгжихгүй байна. Үүнээс шалтгаалаад нийлүүлэлт тогтворгүй. Монголоос мах экспортолдог үйлдвэрүүд улирлын чанартай ажиллаж байна. Яагаад гэвэл мал нийлүүлэлт тогтмол биш. Ресторанууд махаа гаднаас авч байна. Яагаад гэвэл мах нийлүүлэлт тогтмол биш.
Ресторанууд махаа гаднаас авч байна. Яагаад гэвэл мах нийлүүлэлт тогтмол биш.
Асуудал бүрийг шийдэхэд орон нутгийн засаг захиргааны хүний болон хөрөнгийн нөөц хүрэлцэхгүй. Төрийн албаны цалин бага, ачаалал их. Тайлангаас тайлангийн хооронд ажиллаж, бичиг цааснаасаа хөндийрч чаддаггүй гэх. Тэгэхээр орон нутгийн түвшинд төрийн албаны шинэчлэл хийх эс бол төр хувийн хэвшлийн түншлэлээр төрийн үйлчилгээний хүртээмж, үйл ажиллагааны бүтээмжийг сайжруулах хэрэгтэй.
монголд юм хийгээд гайгүй болоод ирэнгүүт нь татвар, мэргэжлийн хяналтынхан дарамтлаад байдаг юм өө. Огт юм хийхгүй байх нь зөв дөө.
Танай баг хамт олонтой хэрхэн холбогдох вэ?