Цагаан захтнуудын ертөнцийг хамарч, олон сая ажлын байранд эрс өөрчлөлт авчрах хиймэл оюуны цунами нь дэлхий даяар нэг тэрбум гаруй мэдлэгийн ажилтныг хамарч, 14 сая ажлын байрыг бүрмөсөн үгүй хийнэ.
Ирэх жилүүдэд Америкийн эдийн засгийг тодорхойлох бүтцийн томоохон өөрчлөлтийн ердөө нэг нь хиймэл оюуны түйвээлт юм. Хөдөлмөрийн зах зээлийн үймээн, цалин буурах үзэгдлийг цагаан захтай ажилтнууд эмээнгүй ажиглаж буй бол ажиллах хүчний маш том, үл анзаарагдам зах зээл буюу цэнхэр захтнууд хөл дээрээ бат зогсож байна. Мэргэшсэн ажилтан, биеийн хүчний хөдөлмөр ихээр шаарддаг ажлын байр, мэдлэг, биеийн хүч, нийгмийн ур чадвар шаардсан ажлууд үгүй болохгүй. Харин ч зарим хүчин зүйл урт хугацаандаа хадгалагдах тул ийм төрлийн мэргэжлүүд улам бүр үнэ цэнтэй, асар их эрэлттэй болно.
Ахимаг насны америкчууд маш олноороо тэтгэвэртээ гарч, төдий тооны сул ажлын байр үүссэн, эрүүл мэнд, ногоон эрчим хүч, өндөр технологийн үйлдвэрлэл, барилгын салбарт ажиллах хүний тоо нэмэгдэж байгаа учир цэнхэр захтнуудын ажлын байр үлэмж хэмжээгээр өснө. Эмнэлэгт өвчтөн асарч буй сувилагч, гал тогоог засаж буй мужааныг ChatGPT орлохгүй. Тиймээс машинууд оффисыг байлдан дагуулсны дараа хиймэл оюуны хувьсгалын ялагчид нь шинэ эдийн засгийг хөдөлгөх техникчийн ажилтнууд, сувилагч, сантехникч нар байх болно.
Мэргэшсэн ажилтан, биеийн хүчний хөдөлмөр ихээр шаарддаг ажлын байр, мэдлэг, биеийн хүч, нийгмийн ур чадвар шаардсан ажлууд үгүй болохгүй.
Шинэ эдийн засаг ажилчин ангийг мандуулна
1900-ээд оны үйлдвэрийн ажлын тухай Америкийн яруу найрагч Филипп Левин ийн бичжээ: “Бид бүгд бороонд зогсоно/Форд Хайланд паркийн гадаа урт дараалалд зогсоно/Ажлын л төлөө ингэж зогсоно/Ямар ажил гэдгийг нь та мэдэж л байгаа”. Тухайн үед Зэвт тойрогт (1950-аад оноос эхлэн уналтад орсон АНУ-ын аж үйлдвэрийн салбарын гол бүс нутаг буюу зүүн хойд, баруун төвийн мужууд) үйлдвэрийн ажлын байр буурч, ажил хайх нь утгагүй болж, нэгэн хэвийн бөгөөд хэцүү ажлын тоо өссөн юм. 2000-аад оны эхээр даяарчлал эрчээ авч, ажлын байр хилийн чанад руу шилжиж, ур чадвар бага шаардах ажлууд автоматчилагдаж, интернэтийн нөлөөгөөр ширээний ард суудаг ажлууд руу эдийн засаг хэлбийснээр аж үйлдвэрийн салбарын бууралт улам гүнзгийрчээ.
Ирэх 10 жилд эрүүл мэнд, тээвэр, сэргээгдэх эрчим хүч, өндөр технологийн үйлдвэрлэлийн чиглэлд хамгийн их ажлын байр бий болно гэж АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо таамаглаж байна.
Харин өнөөдөр Америкийн цэнхэр захтан ажилтнуудад эсрэг дүр зураг ажиглагдаж эхлэх нь. Цагаан захтнууд улам бүр цөөрч буй алсын зайнаас ажиллах ажлын байрны төлөө өрсөлдөж буй бол хагас дамжуулагчийн үйлдвэрлэл зэрэг салбарууд эсрэг асуудалтай буюу ажилтан хэрхэн олох вэ хэмээн санаа зовж эхэллээ. Ийм үзэгдэл ажилчин анги бүхий олон салбарт ажиглагдаж байна.
Мэргэшсэн ажилтнуудын эрэлт түүхэндээ хамгийн өндөрт хүрч, ажилгүйдэл буурсан хоёр жил нь доод, дундаас дээш орлоготой ажилтнуудын цалинг ихээхэн өсгөснөөр улс даяар 9.6 сая шинэ ажлын байр бий болж, үр дүнд нь“бүрэн ажил эрхлэлт” гэж эдийн засагчдын нэрлэдэг үзэгдэл ажиглагдсан юм.
Ирэх 10 жилд эрүүл мэнд, тээвэр, сэргээгдэх эрчим хүч, өндөр технологийн үйлдвэрлэлийн чиглэлд хамгийн их ажлын байр бий болно гэж АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо таамаглаж байна.
Шинэ ажлын байрны бараг тал хувь нь эрүүл мэнд, нийгмийн тусламж үйлчилгээний салбарт бий болно. 2032 он гэхэд зургаан шинэ ажилтан тус бүрийн нэг нь гэр ахуй-эрүүл мэнд эсвэл хувь хүний асаргаа сувиллын салбарт ажиллах магадлалтай байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд сар бүр 15 мянган ажлын байр бий болгосон барилгын салбарт цаашид улам тэлэх орон зай бий.
Аж үйлдвэрийн салбарт ажлын байр нэмэгдэх явц нэг түвшинд хадгалагдах боловч тус салбарын зарцуулалт сүүлийн таван жилд гурав дахин нэмэгдэж, 200 тэрбум ам.долларт хүрч өсжээ. Түүнчлэн зарим салбарт өсөлт ажиглагдах нь тодорхой байна: цахилгаан тоног төхөөрөмж, хагас дамжуулагчийн салбар ирэх 10 жилд жил тутам гурван хувиар өсөх төлөвтэй. Чип үйлдвэрлэл АНУ-ын гол анхаарах салбар байх тул дунд сургуулийн боловсролтой хэрнээ өндөр цалинтай ажилтнуудын тоо нэмэгдэх юм.
“Бакалаврын зэрэг шаардлагагүй техникийн ажилтнуудын эрэлт цаашид аж үйлдвэрлэлийн салбарт эрс өснө” гэж Brookings Institution-ий бодлога хариуцсан захирал, технологи болон ажиллах хүч хөгжүүлэлтээр мэргэшсэн Марк Муро өгүүлэв. Зөвхөн чип үйлдвэрлэлийн салбарт гэхэд анхан шатны нийт ажилтнуудын 50 орчим хувь нь зөвхөн дунд сургуулийн, эсвэл түүнтэй адилтгах шатны боловсролтой байх юм. Харин бусад салбарт энэ тоо 38 орчим хувь байна. Ирэх 10 жилд дэлхийн чип үйлдвэрлэлийн салбарын үнэлгээ нэг их наяд ам.долларт хүрэх учраас цахилгаан төхөөрөмж угсрагч, үйлдвэрийн техникч зэрэг ажилтны тоо зөвхөн Америкт гэхэд 50 мянгаар нэмэгдэх ажээ.
Ажилчин анги бүгдээрээ, тухайлбал жижиглэн худалдааны ажилтнууд автоматчилалаас ангид байж чадахгүй боловч бага цалинтай ажилтнуудын нөхцөл байдал ерөнхийдөө сайжирч байна. Цар тахлын эхний шок бага цалинтай ажилтнуудад хамгийн хүчтэй цохилтыг өгсөн ч түүнээс хойш сэргэлт маш эрчтэй явагдаж буй. Эдийн засгийн хямралын өмнөх үеүдтэй харьцуулбал цалин маш хурднаар бараг гурав дахин нэмэгджээ. Цагт дунджаар 12.50 ам.доллар буюу ажиллах хүчний хамгийн бага цалин авдаг 10 хувийнхний цалин 2009-2017 онд дөнгөж 3.9 хувиар нэмэгдсэн бол 2020 оны гуравдугаар сараас 2022 оны гуравдугаар сарын хооронд 5.7 хувиар өссөн байна. Инфляц өндөр байгаа ч цэнхэр захтан, менежерийн бус ажил хийдэг, бага болон дунд зэргийн цалинтай ажилтнуудын бодит цалин нь цар тахлын өмнөх үеэсээ өндөр байгаа юм.
Эдийн засгийн тууштай өсөлт цаашид ч үргэлжлэх боломжтой гэдгийг бусад үзүүлэлтүүд харуулж байна. Сүүлийн 10 жилд АНУ-д ядуурлын түвшин 14.8 хувиас 11.5 хувь болж буурсан. Өрхийн цэвэр хөрөнгийн дунджаар сүүлийн 50 хувьд багтдаг америкчуудын хөрөнгө цар тахлын өмнөхтэй харьцуулбал 45 гаруй хувиар өсжээ.
Хэрэв эдийн засгийн уналтаас зайлсхийж чадвал хөдөлмөрийн зах зээлийн эрэлт өндөр хэвээр байх учир цалингийн өсөлт үргэлжилж, ядуурлын түвшин буурч, өрхийн орлого болон хөрөнгө нэмэгдэнэ. Эл үзэгдэлд ташуур нэмэгч нь хиймэл оюуны хэрэглээ бөгөөд өмнө дурдсан ажлын байрнуудын тоог нэмэгдүүлснээр ирэх 10 жилд бүтээмжийн өсөлт маш өндөр түвшинд хадгалагдана. Барилгын салбарт л гэхэд хөдөлмөрийн бүтээмж өсөх нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж өгнө. Учир нь орон сууцны хангамж сул байгаа нь америкчуудын хамгийн тулгамдсан асуудлын нэг билээ.
Хэрэв эдийн засгийн уналтаас зайлсхийж чадвал хөдөлмөрийн зах зээлийн эрэлт өндөр хэвээр байх учир цалингийн өсөлт үргэлжилж, ядуурлын түвшин буурч, өрхийн орлого болон хөрөнгө нэмэгдэнэ. Эл үзэгдэлд ташуур нэмэгч нь хиймэл оюуны хэрэглээ бөгөөд өмнө дурдсан ажлын байрнуудын тоог нэмэгдүүлснээр ирэх 10 жилд бүтээмжийн өсөлт маш өндөр түвшинд хадгалагдана.
Хиймэл оюунаас хэн айхгүй вэ
Нийт 900 мэргэжлийн 19 мянга орчим үүрэг ажлыг хиймэл оюуны нөлөөнд хэр зэрэг автахыг нь саявтархан судалсан тайланг Дэлхийн эдийн засгийн форум Accenture-тай хамтран гаргасан байна. Үүнээс үзвэл хүн хоорондын харилцаа ихээр шаарддаг, нэгэн хэвийн бус биеийн хүчний ажлууд нь хиймэл оюуны түйвээлтэд хамгийн бага өртөх магадлалтай аж. Хөдөлмөрийн статистикийн товчоо, McKinsey-гийн төсөөлөл ч үүнтэй адилхан дүгнэлтэд хүрчээ.
Засвар, хувь хүний үйлчилгээнд хими цэвэрлэгээ, гишүүнчлэлтэй байгууллага, гэрийн үйлчилгээ багтана. Цэнхэр захтан гэдэгт цагаан, эсвэл саарал захтанд хамааралгүй бүх ажлууд багтана.
Өргөн хүрээнд ярьвал, хиймэл оюуны түйвээлтээс амьд гарч, тэсэж үлдэх мэргэжил нь тогтсон ажлын цагтай, уян хатан байдалтай, карьерын дэмжлэг сайтай, өндөр цалинтай, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой
“Таамаглах боломжгүй биет орчинд хийх ажлууд нь ирэх 5-10 жилд хиймэл оюунаас айлтгүй биеийн хүчний хөдөлмөрүүд юм. Хэрэв урьдчилан таамаглах боломжтой орчинд, дахин давтан хийдэг ажил бол тухайн ажлыг нэг бол робот, эсвэл женератив хиймэл оюуны үүсгэсэн автомат ажиллагаа илүү сайн хийж эхэлнэ” хэмээн McKinsey Global Institute-ийн Квеллин Эллингруд өгүүлэв.
Дурдах ёстой нэг чухал тайлбар бол ур чадварыг ялгаварлах технологийн өөрчлөлт юм.
Эл онол ёсоор бол автоматчилал, компьютерчлэлд байраа алдах эрсдэлтэй нэгэн хэвийн ажил гүйцэтгэдэг хүмүүсийн цалин буурч, харин эв дүй, хүн хоорондын харилцаа шаарддаг нэгэн хэвийн бус ажил эрхэлдэг хүмүүсийн цалин, эрэлт нь нэмэгдэх ажээ.
Агааржуулалтын тоног төхөөрөмж суурилуулагч, багш, үсчин зэрэг нэгэн мэргэжид ирэх 5-10 жилд хиймэл оюуны нөлөөнд бараг автахгүй гэж саяхны судалгаа онцолсон. Түүнчлэн OpenAI-гийн судалгаанаас үзвэл нийт ажилчны дөрвөн хувь, үүн дотор будагчин, мужаан, дээврийн ажилчид хиймэл оюуны түйвээлтэд огт өртөхгүй ажээ. Эдгээр мэргэжлийн зарим ажил үүргийг технологи гүйцэтгэж болох ч тэрчигт нь машин орлох огт боломжгүй юм.
Эдгээр мэргэжлийг хиймэл оюун орлох бус, харин зарим үүрэг даалгаврыг нь биелүүлэх байдлаар илүү хялбар, боловсронгуй болгох боломжтой. Жишээлбэл, сувилагч нар өвчтөний мэдээллийг цуглуулах, системд шивж оруулах ажлаа хиймэл оюунаар хийлгэж болно. Нэг цагийн үйлчилгээний төлбөр өндөр гэдгээрээ алдартай тус салбарын хувьд сувилагч нар бичиг цаастай зууралдах бус өвчтөнийг асрах зэрэг чухал ажилдаа илүү анхаарч эхэлбэл америкчууд эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө хэдэн арван тэрбумаар нь хэмнэнэ. Үүнтэй адилаар, хиймэл оюун бүхий дрон ашиглан шалгалт хийх, эсвэл хиймэл оюуны мэдрэгч ашиглан хэмжилт хийх зэргээр барилгын салбар үр шимийг нь хүртэж болно.
“Гараар гүйцэтгэх ёстой биеийн хүчний ажлууд хэвээр үлдэх, хиймэл оюун менежментийн ажлыг гүйцэтгэх гэсэн хоёр салангид хэсэг ийм ажил мэргэжлүүдэд үүсэж бий болох байх” хэмээн М.Муро хэлжээ. Өөрөөр хэлбэл, орон зайгаа хиймэл оюунд алдах бус харин хамтран ажилласнаар илүү бүтээмжтэй, илүү эрэлттэй, илүү их орлоготой ажиллах боломжийг эдгээр мэргэжлийнхэн олж авах юм.
Аюулгүй бүс
Цэнхэр захтнууд нь хиймэл оюуны аюулаас ангид байхаас гадна технологийн ачаар аюулгүй орчинд ажиллах болно. Ажлын байранд хиймэл оюуныг нэвтрүүлснээр эрсдэлийг бодит цагаар хянах, төхөөрөмжид гэмтэл гарвал дохио өгөх зэргээр ажилтнуудын аюулгүй байдлыг сайжруулна. АНУ-д жил бүр ажлын байранд 2.7 сая осол гэмтэл гарч, үүнээс шалтгаалж 5000 хүн амь насаа алддаг учир энэ нь асар чухал ач холбогдолтой зүйл юм.
Хэдий дээр дурдсан мэргэжлүүд бие махбодь болон сэтгэл зүйн хувьд ачаалал ихтэй, хүнд боловч ирээдүйд устаж үгүй болохгүй нь тодорхой юм. Өргөн хүрээнд ярьвал, хиймэл оюуны түйвээлтээс амьд гарч, тэсэж үлдэх мэргэжил нь тогтсон ажлын цагтай, уян хатан байдалтай, карьерын дэмжлэг сайтай, өндөр цалинтай, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой байна гэж М.Муро үзэж буй.
Хиймэл оюунаас шалтгаалж эдийн засаг улам бүр тогтворгүй, таамаглашгүй болж байгаа учир хиймэл оюуны эл хувьсгалын ялагч нь айсуй давлагааны эсрэг сэлэх бус харин аль хэдийн өндөрлөг газарт, аюулгүй бөгөөд ур чадвараа харуулан ажиллаж байх болно.