2018 оны байдлаар 3М компанийн нийт үнэлгээ 33 тэрбум ам.доллар (МУ-ын ДНБ-ээс 3 дахин их) байсан байв. 120 гаруй жилийн түүхтэй энэхүү үйлдвэрлэгч компани дэлхийн 70 гаруй улсад 100 мянга гаруй ажилтантай билээ.
Мэдээж судалгаа хөгжлийн алба хэр сайн ажиллаж байгаагаас компанийн инноваци, шинэлэг санаа, цаашлаад ирээдүйн амжилт шалтгаалж байдаг. Гэвч тэртээ 1950-аад онд 3М компанийн захирлууд ажилтнууддаа мөрөөдөх цаг хугацааг нь гаргаж өгсөн нь компанийн амжилттай яваагийн цаад шалтгаан нь байсаар буй. Тэд “аймшиггүйгээр” нийт ажилтнууддаа ажлын цагийнхаа 15 хувийг өөрсдийн төсөлдөө зарцуулах боломжийг олгосон юм. Гэвч ярихад амар, хийхэд хэцүү. Ингэхэд ямар менежер л эрх мэдлээ бууруулахыг хүсэх билээ? Гэвч 3М компани энэ арга барилыг 70 жилийн турш хэрэгжүүлсээр өдгөө дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч компани болоод байна.
3М компанийн хувьд гэр ахуйн бараанаас наадаг цаас хүртэл асар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул шинэ бүтээгдэхүүн, инноваци гэдэг тэдний хувьд ус агаар мэт чухал байв. Гэвч шинэ санааг “үйлдвэрлэж” байдаг бүтээлч хандлагыг бүрдүүлэх нь яггүй ажил байлаа. Учир нь байгууллагын шинэ санаа, инновацийг хариуцдаг ажилтнуудыг шахаж шаардах нь утгагүй хэрэг. Тэд шахуулж биш сэдэлжиж ажилладаг. Гаргасан бүтээлч санааг нь хэчнээн урамшуулсан ч тэдний ажиллах урам зориг дотроосоо ундардаг тул хэчнээн их шагнал тэднийг идэвхжүүлж чадахгүй. Харин менежерүүд ажилтнууддаа мөрөөдлийнхөө санаан дээр ажиллах боломжийг олгосон нь бүтээлч байдлыг цэцэглүүлсэн гэдэг. Улмаар тав хүрэхгүй жилийн дотор шинээр гарсан бүтээгдэхүүнүүдээс компанийн нийт орлогын 30 хувь нь бүрддэг байдал тогтов.
Үнэндээ нийт ажлын 15 хувь гэдэг их хугацаа мэт сонсогдох боловч, бүтээлч санаа гаргаж ажилладаг хүмүүст ажлын болон ажлаас гадуурх цаг ялгаагүй шахуу байдаг. Хэрэв хэн нэгэн ажлын өдрөөр загасчлахаар явбал дараа нь түүнийг нөхөж ажиллана гэдгийг дарга нь мэддэг байв. Ажилтнууд хувийн төсөлдөө цаг зарцуулах эрхтэй ч даалгасан ажлыг цагтаа хийх нь тэдний хамгийн том хариуцлага гэдгийг бүгд ухамсарлаж байлаа. Тиймээс ч байгууллагын ажлын бүтээмж эрс өсч, шинэ шинэ бүтээгдэхүүнүүд ар араасаа төрөн гарсан юм.
3М компанийн “15 хувь” бодлого өнөөдөр бусад компанид ч нөлөөлөөд байна. Жишээ нь Гүүгл гэхэд л програм хангамжийн инженерүүддээ ажлынхаа 20 хувийг өөрсдийн төслүүдийг хийхийг дэмждэг аж. 3М компаниас авах хамгийн том сургамж бол “Байгууллага хяналтаа багасгаснаар гүйцэтгэлээ сайжруулдаг” тухай юм.