Стратеги

Илон Маск: Баян чигээрээ үхэхийг хүсдэггүй

0

Илон Маскийг юу бусдаас онцгойруулдаг вэ?

Сонирхолтой үйлдэл, этгээд мэдэгдлүүдээрээ дэлхий нийтийн анхаарлыг соронзон мэт татдаг Илон Маскийн тухай сүүлийн үеийн шуугиан дагуулсан мэдээ гэвэл та гарчигнаас уншсан байх. Тэр дэлхийн хамгийн чинээлэг хүнээр нэрлэгдээд байгаа билээ. Технологийн аваргуудыг үүсгэн байгуулагч Жефф Безос, Билл Гейтс нарыг ардаа орхисон  гол шалтгаан нь түүний үүсгэн байгуулсан Tesla компанийн хувьцаа өнгөрсөн пүрэв гарагт огцом өссөн (743%) -тэй холбоотой. Үүнтэй зэрэгцэн зах зээлийн үнэлгээ нь 700 тэрбум ам.долларт хүрснээр Tesla дэлхийн хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч компани болон хувирсан билээ. Баасан гараг гэхэд түүний хөрөнгийн хэмжээ 185 тэрбум ам.долларт хүрснээр 2017 оны аравдугаар сараас хойш дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтыг өнгөлж ирсэн Жефф Безосын халааг аваад буй. Харин яг өнөөдрийн байдлаар Илон Маскийн хөрөнгө 202 тэрбум ам.долларт хүрчээ. Жил гаруйханы өмнө тэрбээр 27 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байв. 

Хэдхэн жилийн өмнө дампуурлын ирмэгт ирээд байсан Tesla өнгөрсөн онд хагас сая гаруй цахилгаан машин үйлдвэрлэж, анх удаа ашигтай ажиллажээ. Компанийг дампуурлын ирмэгээс татан гаргасан гол шалтгаан нь масс хэрэглэгчид зориулан “Модель 3” загварыг бүтээж, зах зээлд худалдаалж, амжилт олсонтой холбоотой. Энэхүү цахилгаан машин Tesla-ийн ирээдүйд худалдаанд гаргахаар шаргуу ажиллаж, сайжруулан туршиж буй төмөр хүлгүүдийн дэргэд хавьгүй даруу загвартай ч компанийнхаа сэргэн мандлын эхлэл болж чаджээ.  

Долоо хоногт 120 цаг ажилладгаараа зартай Илон Маск бага залуугаасаа л ийм хэмнэлд ажиллаж, амьдарч сурсан бөгөөд “Ихэвчлэн үйлдвэрийнхээ хурлын өрөөн дэх буйдан дээр л унтчихдаг” хэмээн хээвнэг хариулдаг нэгэн. Ингэж ажил дээрээ хоноглодог шалтгаанаа ердөө л цаг хэмнэхийн тулд хэмээн тайлбарладаг.

2030 он гэхэд тэрбээр жилд 20 сая цахилгаан машин үйлдвэрлэхээр зорьж буй. Энэ бол 2020 онд үйлдвэрлэснээс 40 дахин их тоо. Хэрэв үйлдвэрлэсэн машин нь 20 сая ширхэгт хүрлээ гэж бодоход энэ нь дэлхий дээр идэвхтэй ашиглагдаж буй төмөр хүлгүүдийн нэг хувьтай л тэнцэхүйц тоо юм. Гэхдээ энэ талаар Илон Маск өөр бодолтой. Энэ ганц хувийг л газрын тосноос гаралтай нефтийн бүтээгдэхүүн хэрэглүүлэхгүй байлгах нь миний зорилго хэмээн тэр хэлсэн удаатай. Уур амьсгалын өөрчлөлт, хүн төрөлхтний ирээдүйд санаа зовниж явдаг нь түүний өөр өөр салбарт үйл ажиллагаа явуулдаг SpaceX, SolarCity зэрэг компанийнх нь зорилго, алсын хараанаас харагддаг. Харин Tesla компанийн хувьд энэ жил үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Хятадын зах зээлд гарах, мөн Герман улс болон АНУ-ын Техас мужид шинэ үйлдвэрээ байгуулахаар ажиллаж буй. 

Илон Маскийн дараах чанарууд түүнийг олноос онцгойруулж, амжилтад хүрэхэд нөлөөлжээ.  

Зөвхөн мөнгөний хойноос хөөцөлддөггүй

Компани байгуулж, бизнес эрхэлнэ гэдэг зөвхөн мөнгөний тухай яриа биш гэдгийг түүний замнал харуулдаг. Хэдийгээр Илон Маск ашиг орлого олох, хөрөнгөжихийн эсрэг зогсдоггүй ч, ‘зөвхөн ёс зүйтэй, сайн сайхан зорилгын төлөө тэмүүлсэн үед’ л гэж үүнийгээ тодотгодог билээ. Тэр хэзээ ч их хэмжээний ашиг олж, баяжихын төлөө эдгээр томоохон төслийг эхлүүлээгүй гэж хэлдэг. Баян чигээрээ үхэхийг хүсдэггүй алдартнуудын нэг бол Маск. Түүний хөрөнгийн ихэнх хувь цаашид хүн төрөлхтнийг Марс (Ангараг) гарагт хөл тавих, улмаар тэндээ суурьшиж, нутагшуулах төлөвлөгөөнд зарцуулагдах бөгөөд уг төслийг хэрэгжүүлэхэд бүх хөрөнгөө шавхсан ч хамаагүй хэмээж байв. 

Хүсэл эрмэлзлээ л дагадаг

Марс гарагт хүн төрөлхтнийг нутагшуулах төлөвлөгөө нь амжилт олно гэдэгт Маск хатуу итгэдэг. Мөн хүн төрөлхтний ирээдүй гэрэл гэгээтэйгээр төсөөлж, амьдралын нөхцөл бололцоог нь сайжруулахыг хүсдэг учраас л тэрбээр SpaceX компаниа байгуулжээ. Нөгөө талаар АНУ-ын авч хэрэгжүүлж буй сансрын хөтөлбөрүүдийн үр дүн түүнд хангалттай биш (тодруулбал, амбицтай бус) санагдсан нь SpaceX-ийг эхлүүлэх гол түлхэц болсон байна. Эндээс тэр их мөнгө олохын төлөө бус, харин хүн төрөлхтний төлөөх ‘агуу’ зорилгын хойноос хөөцөлддөгийг харж болно. Харин энэ зорилгодоо хүрч чадах эсэхийг зөвхөн цаг хугацаа л харуулах болов уу. 

*Саяхан тэрбээр цахилгаан машины хөгжлийн хурдыг ахиулахын тулд Tesla компанийнхаа эзэмшдэг патентуудыг олон нийтэд нээлттэй болгохоо зарласан билээ. 

Томоор мөрөөдөхөөс айдаггүй

Илон Маскийн байгуулсан компаниудын үйл ажиллагаанаас үзэхэд тэр ‘хайрцагнаас гадуур сэтгэгч’ гэдэг нь тодорхой харагддаг. Зарим хүний хэзээ ч бүтэхгүй хэмээн бодож, төсөөлөхөөс ч айдаг ‘галзуу’ санаануудыг тэр эмээлгүй ярьж, хэрэгжүүлж, эхнээс нь бодит амьдрал дээр биежүүлээд байгаа билээ. Маск автомашины салбарт хувьсал авчрахыг, Марсыг ‘эрхшээх’-ийг, вакуум туннелиэр хурдлах супер хурдтай галт тэрэг бүтээхийг хүссээр, төсөөлсөөр, туршсаар… Өнгөрсөн хугацаанд хамгийн их шүүмжлүүлсэн хүмүүсийн нэг магадгүй Маск байх. Гэхдээ шүүмжлүүлэхээс, бас томоор мөрөөдөхөөс тэр айгаагүй юм. 

*Зөгнөлт киног санагдуулам төслүүдийнхээ санааг тэр хүүхэд байхдаа уншсан ном, үзсэн кинонуудаасаа авсан гэдгээ нуудаггүй билээ. 

Эрсдэлд хэзээд бэлэн 

Илон Маскийн карьерын түүхийг сөхөж харвал тэр хэзээ ч эрсдэл хүлээхээс айж байгаагүйг, харин ч бөөн эрсдэл дунд амьдарсаар ирснийг мэдэж болно. Ихэнх хүн томоохон эрсдэлээс айдаг учир өмнөх ажлаа сайжруулаад явахаас биш, цоо шинэ, галзуу санааг хэрэгжүүлэхээр шүүрч авах нь ‘өдрийн од мэт’ ховор. Энэ чанар нь Маскийг бусдаас онцгойруулдаг. 2000 оны эхээр дөнгөж 30 настайдаа тэрбээр дансандаа хэдийнэ 200 сая ам.доллартай, хоёр ч компани (Zip2, PayPal) байгуулаад худалдчихсан явж. Гэхдээ Маск ингээд л зогсчихсонгүй, ирээдүйн төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлэхээр тэмүүлж байв. Үүний хариулт нь өнөөдрийн томоохон төслүүд, тэдгээрийн үр дүн юм. Гэвч энэ хүртэл явж ирэхдээ тэрбээр шинэ компанид тулгардаг бүхий л сорилт бэрхшээл, санхүүгийн хүндрэлийг даван туулсан гэдгийг мартаж үл болно. 

*Илон Маск үргэлж л эрсдэл ихтэй замыг сонгож, өндөр дүнтэй хөрөнгө оруулалтуудыг компаниуддаа татаж, хөрөнгө оруулсаар ирсэн түүхтэй. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Ажилтны үнэнч байдал манлайлалтай шууд холбоотой

Previous article

ЖДБ-ийн санхүү бүртгэлийн тогтолцоог үнэлэх “сонжоо”

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.