Монголд үйл ажиллагаа явуулж буй дийлэнх аж ахуйн нэгжүүд ЖДБ (жижиг, дунд бизнес) гэсэн ангилалд хамаардаг. Энэ ч утгаараа ЖДБ эрхлэгчдийг бүхий л түвшинд дэмжин ажиллах талаар багагүй яригдаж, төрөөс цөөнгүй төсөл, хөтөлбөрийг санаачилдаг ч тэдгээрийн үйл ажиллагаа хэр хүртээмжтэй болох, зорилтот бүлэгтээ хүрч чаддаг эсэх нь тодорхойгүй байдаг билээ.

Үүнтэй холбоотой АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Хөгжлийн шийдэл” ТББ-аас хэрэгжүүлж буй Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрийн хүрээнд Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор төрөөс олгож байгаа санхүүжилтийн үйл ажиллагааны нээлттэй байдалд үнэлгээ хийжээ.

Энэхүү нээлттэй байдлын үнэлгээг 2020 оны гуравдугаар сард Улаанбаатар хот болон орон нутаг дахь 39 төрийн байгууллагын мэдээллийн самбар, вэбсайт, нийгмийн сүлжээгээр удахгүй хэрэгжих төсөл, хөтөлбөрийн талаар олон нийтэд хүргэсэн мэдээлэл, нээлттэй байдлыг хэрхэн хангасан эсэхэд тулгуурлан гаргасан байна.

Сонгон шалгаруулалтын материал, төсөл хүлээн авах тухай зарыг  0-30 хоногийн өмнө олон нийтэд мэдээлдэг нь хангалтгүй хугацаа.

Үр дүнд нь, ЖДБ эрхлэгчдийг дэмжих зорилгоор төрөөс олгож буй санхүүжилтийн хүрээнд төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд хүргэхдээ хангалттай хугацаа олгодоггүй гэж үзжээ. Тодруулбал, төрийн байгууллагууд төсөл авах тухай зарыг харилцан адилгүй буюу 0-30 хоногийн өмнө мэдээлж байгаа нь ЖДБ эрхлэгчдэд холбогдох баримт бичгийн бүрдүүлбэрийг хангах, тэр дундаа төсөл боловсруулах, бизнесийн санхүүгийн тооцоо хийх хангалттай хугацаа болж чаддаггүй байна.

Ингэж богино хугацааны өмнө зарладаг нь санхүүжилтийн хүртээмжгүй байдлыг бий болгож, тухайн төсөл, хөтөлбөрт ЖДБ эрхлэгчид тэр бүр оролцож чадахгүй байх шалтгаан болдог аж. Мөн иргэдийн төрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг алдагдуулж,  “зориуд ийм бага хугацааны өмнө мэдэгдэж байгаа, эзэн нь тодорхой” гэх зэргээр санхүүжилт хүрэх ёстой, зорилтод бүлэгтээ хүрч байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэдэг байна. Тиймээс сонгон шалгаруулалтын зарыг 30-аас доошгүй хоногийн өмнө мэдээлж байх хэрэгтэйг BEST хөтөлбөрийн мэргэжилтнүүд онцолсон юм.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлж буй “Хөгжлийн шийдэл” ТББ-ын нөлөөллийн зохицуулагч, хуульч Х.Баасанжаргал “Манайд нээлттэй байдлыг хангахын тулд ямар шаардлагад нийцүүлэх ёстой, ер нь нээлттэй байдал гэж өөрөө юуг хэлээд байна гэх мэт ойлголтыг хуульд нарийн тусгаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, хууль, эрх зүйн орчин талаасаа учир дутагдалтай байгаа. Тиймээс бид төрийн албан хаагчдыг чадавхжуулж, улмаар нээлттэй байдлын хүрээнд ЖДБ эрхлэгчид удахгүй хэрэгжиж эхлэх төсөл, хөтөлбөрийн талаар тэгш, хүртээмжтэй байдлаар мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, холбогдох материалын бүрдлийг хангах хугацааг дор хаяж 30 хоног болгох зэргээр нарийн зааж өгөх ёстой. Ер нь энэ чиглэлийн мэдээллээр төрийн алба хаагчдыг маш сайн хангах шаардлагатай байна” хэмээн хэлж байна.

ЖДБ эрхлэгчдийг дэмжих зорилгоор төрөөс олгож буй санхүүжилтийн үйл ажиллагааны нээлттэй байдлын үнэлгээг 2020 оны 3 дугаар сарын 10-20-ны өдрийн хооронд хийжээ.

Сонгон шалгаруулалтын материал, төсөл хүлээн авах тухай зарыг баримт бичиг хүлээн авахаас 0-30 хоногийн өмнө олон нийтэд мэдээлдэг байна. Тиймээс ч ЖДБ эрхлэгчдэд тухайн санхүүжилтэд зориулж бизнес төслөө бэлтгэх хангалттай хугацаа зайлшгүй шаардлагатай болдог. Энэ ч утгаараа уг хугацааг олон нийтэд хүртээмжтэй байдлаар зарлах, хэт богино хугацаа тогтоохгүй байх нь хүртээмжтэй байхад чухал нөлөөтэй юм. 

Үнэлгээнд хамрагдсан төрийн байгууллагууд:

  • ХХААЯ-ны ЖДҮ-ийг хөгжүүлэх сан,
  • 8 аймгийн Хөдөө аж ахуйн газар,
  • 8 аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,
  • 8 аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс,
  • 8 аймгийн төв болох сумдын ЗДТГ,
  • Нийслэлийн 6 дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс,
  • Баянхонгор аймгийн Үйлдвэржилт хөгжлийн корпораци ХХК,
  • Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

2021 онд бизнесийг хүлээж буй 3 том асуудал

Previous article

Facebook дээр boost хийхдээ юу анхаарах вэ?

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like