“ЛэндМН ББСБ” ХК -ийн гүйцэтгэх захирал Б.Удвал

Компани: ЛэндМН ББСБ

Чиглэл: Финтек

Гүйцэтгэх захирал: Б.Удвал

LendMN -ийн загварыг Зүүн Өмнөд Азийн бүс нутагт буюу Филиппин, Индонез, Япон улсад нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нэг үгээр, LendMN компанийн үйлчилгээний чанар, стандарт олон улсын түвшинд хэдийнэ хүрчээ.

***

Одоогоос хэдхэн жилийн өмнө гар утасны аппликэйшнээр дамжуулан зээл авна гэхэд хүмүүст төдийлэн танил бус, хол хөндий сонсогддог байсан бол өнөөдөр энэ бүхэн хэвийн үзэгдэл болж, өдөр тутмын хэрэглээнд хэдийнэ нэвтэрчээ. Монголын санхүүгийн салбарт бүтээлч устгал хамгийн идэвхтэй өрнөж буй нь шил шилээ даран мэндлэх олон төрлийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнээс тодорхой харагддаг. Тэгвэл энэ бүхний анхдагчаар LendMN апп яах аргагүй нэрлэгдэнэ. “Асаа, асуудлаа шийд” хэмээх уриа үг, логондоо шингээсэн шаргал өнгө нь хүмүүсийн ой тойнд хоногшиж, өдгөө бүгдийн мэдэх финтек компани болсон түүх таван жилийн өмнөөс бичигдэж эхэлжээ. Хэрэглэгчид үйлчилгээ авахын тулд санхүүгийн байгууллагыг биечлэн зорьдог байсан бол тэдний санал болгосон цоо шинэ үйлчилгээ болох гар утасны аппликейшнд суурилсан богино хугацаатай, барьцаагүй зээл олгох үйлчилгээ нь LendMN аппаар дамжин хүмүүсийн гарт, ухаалаг утсанд нь очсоноор цаг хугацаа орон зайнаас үл хамааран санхүүгийн үйлчилгээ авах боломж хэрэглэгчдэд нээгдэн санхүүгийн үйлчилгээний цоо шинэ хэв маяг бий болсон билээ.

Кредит скоринг (Credit Scoring) системийг анх удаа ашиглан хувь хэрэглэгчийн бүртгэлтэй мэдээлэлд тулгуурлан зээлийн эргэн төлөх чадварыг хиймэл оюунаар тооцоолж, барьцаагүй, хүүгүй, богино хугацаатай зээлийг тэд олгож эхэлснээр 2.5 сая хүний хооронд үүсэх байсан зээлийн харилцааг ганцхан товчоор шийдэх болсон юм. Энэ бүхэн өмнө нь өч төчнөөн зардал, цаг хугацаа шаарддаг байсан зээл авах үйл явцыг асар хөнгөвчилж, хялбар хэрэглээг жинхэнэ утгаараа нэвтрүүлж чаджээ. Тухайлбал, LendMN компани таван жилийн дотор 182 мянга гаруй харилцагчийнхаа зээл авахад зарцуулах байсан 545 мянган цаг, шууд бус зардалд урсах байсан 2.9 тэрбум төгрөгийг хэмнэсэн гэх тоонууд энэ бүхнийг хангалттай илтгэнэ. Өнгөрсөн хугацаанд LendMN -ээр дамжуулан нийт 4.6 cая гаруй зээл олгосон нь төдий хэмжээний барьцаа хөрөнгийг шаардалгүйгээр олгосон гэсэн үг. Мөн зээлээ хугацаандаа төлбөл урамшуулал, бонус оноо бодогдох зэрэг нөхцөл нь иргэдийн санхүүгийн сахилга батад ч эерэгээр нөлөөлөх болжээ.   

Монголын анхны зээлийн үйлчилгээний апп гэдэг утгаараа LendMN байгуулагдсан цагаасаа хойш олон сорилттой тулгарч, тухай бүрт нь шийдэж, өөрсдөө давхар хөгжиж ирсэн байдаг. Зах зээл бэлэн биш учир үйлчилгээний онцлогоо таниулах, аппаар дамжуулан зээл авах боломжтойг хүмүүст ойлгуулах, аппд хэрхэн бүртгүүлэхээс эхлээд хэрхэн зээл авах гээд алхам бүрт хэрэглэгчидтэйгээ хамт байж, цоо шинэ хэрэглээнд сургасаар байж. Үүний үр дүнд LendMN зах зээлд, олон нийтийн дунд хамгийн өргөн хүрээнд танигдсан апп болж чадсан юм. Нэг ёсондоо, тэд алдаанаасаа суралцаж, шинэ туршлагыг шинэ хуудсан дээр бичиж явсан бөгөөд зах зээлээ бэлдэж, хэрэглэгчдийг сургаж чадсан нь дараа дараагийн финтекүүд зах зээлд нэвтрэхэд дөхөм болж,  илүү хурдтай ажиллах боломжийг олгожээ.

Ер нь LendMN -ийг анхдагч гэх тодотгол байнга дагалддаг. Апп дахь хэтэвчээр дамжуулан ямар ч данс руу шимтгэлгүй гүйлгээ, шилжүүлэг хийх үйлчилгээ, төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, эвентийн купон нэвтрүүлсэн гэх мэтээр дурдвал олон. Түүнчлэн 2018 онд салбартаа анх удаа IPO хийж, хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгож, таван тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж байсан бол 2020 оноос өнөөдрийг хүртэл гурван ч удаа нээлттэй бонд гаргаж, зээлийн үйлчилгээгээ санхүүжүүлсэн хөрөнгийн зах зээлийн идэвхтэй тоглогч юм. Ингэхдээ санхүүгийн үйлчилгээгээ аль болох олон хүнд хүргэж, хүртээмжтэй байлгах үүднээс Lend бондын нэгжийн үнийг 100 мянган төгрөг байхаар тогтоож ирсэн нь дийлэнх иргэдийн хувьд хамгийн боломжит хөрөнгө оруулалтын дүн гэдгийг “ЛэндМН ББСБ” ХК -ийн гүйцэтгэх захирал Б.Удвал хэлж байна. Үүнээс гадна LendMN аппыг зөвхөн нийслэлд гэлтгүй Монголын өнцөг булан бүрт суугаа хүмүүс  ашиглах боломжтой болсон нь санхүүгийн хүртээмжийг сайжруулах зорилтынх нь нэгээхэн хэсэг юм. 

Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад дотоодын санхүүгийн салбарт, тэр дундаа финтекүүдийн дунд өрсөлдөөн ширүүссэн нь энэ чиглэлийн компаниуд байнга хөгжих, сайжрах, шинэчлэгдэх шаардлагыг давхар үүсгэх болсон. Нөгөө талаар, Монголын хэрэглэгчид аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг хүлээн авах хурд сайтай, сониуч учир тэр хэрээрээ компаниудаас дараагийн үйлчилгээ, хөгжүүлэлтийн хурд шаарддаг онцлогтой. Энэ онцлогоо дагаад Монголд санхүүгийн үйлчилгээ зарим улс орныхтой харьцуулахад өндөр хөгжилтэй байдгийг ч Б.Удвал онцолж байв. Үүнийгээ дагаад хэрэглэгчдийн хувьд сонголт ихтэй учир нэг үйлчилгээнээс нөгөө рүү шилжихэд ч төвөггүй байдаг нь компаниудын дундах өрсөлдөөнийг улам бүр нэмэгдүүлж буй. 

Тиймээс үйл ажиллагаагаа тогтмол сайжруулж, шинэчилж ирсэн LendMN -ийн хамт олон энэ жил зээлийн системээ бүрэн шинэчилсэн тул ирэх оноос бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлж, шинэ хувилбаруудыг танилцуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, нэг удаад 50 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай авах боломжтой байсан бол өдгөө хоногийн тоогоо нэмэгдүүлж, дунд хугацааны зээлийн үйлчилгээгээ хүргэхэд бэлэн болоод байгаа юм. Мөн эко автомашины зээл, одоо аваад дараа төлөх үйлчилгээг нэвтрүүлэхээр зэхжээ. Өөрөөр хэлбэл, зээлийн үндсэн үйлчилгээндээ тулгуурлан санхүүгийн бусад нэмэлт үйлчилгээг хэдийнэ хөгжүүлээд эхэлсэн гэсэн үг.  

Гэхдээ энэ бүхнээс үл хамааран LendMN хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн хариуцлагатай, зохицуулалт өндөртэй, нөгөө талаас томоохон хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн компани гэдэг утгаараа байнга хөгжих шаардлагатай учраас өдгөө хөгжлийнхөө дараагийн түвшинд гарахаар тэмүүлж буй. Тус компанийн толгой компани болох AND Global хөрөнгө оруулалт, стратеги, менежментийн асуудлыг хариуцан ажиллаж, энэ хүрээнд дотоодын болон Marubeni, SBI тэргүүтэй Азийн хөрөнгө оруулагчдаас таван сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн үнэлгээ нь 30.4 сая ам.долларт хүрсэн нь ч үүний нэг жишээ. Энэ ч үүднээс LendMN -ийн загварыг Зүүн Өмнөд Азийн бүс нутагт буюу Филиппин, Индонез, Япон улсад нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нэг үгээр, LendMN компанийн үйлчилгээний чанар, стандарт олон улсын түвшинд хэдийнэ хүрчээ. 

www.lend.mn 

И-мэйл: contact@lend.mn 

Утас: 77070101
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Цолмон

Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт, Монголросцветметийн 5.8 их наяд төгрөгийн тендерт хийсэн анализ (№137)

Өмнөх нийтлэл

Д.Дэмбэрэл: Эдийн засгийн тусгаар тогтнолыг тамгалж, Дэлхийг дайлаар мордох Монгол төмөр хүлэг #MOZO

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.