Манай улсын нийт бизнес эрхлэгчийн 70-аас илүү хувь нь нийслэлд төвлөрдөг. Тиймээс ч тэдний эрх ашгийг хамгаалах шаардлага байнга тулгарсаар ирсэн гэхэд болно. Цаашлаад бизнес эрхлэгчдийн эрх ашгийг Улаанбаатар хотын захиргаа, түүний харъяа байгууллагуудад илэрхийлж, орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага ч байнга тулгамдсаар ирсэн. Тэгвэл эдгээр ажлыг гол зорилгоо болгон таван жилийн өмнө байгуулагдсан Улаанбаатар хотын худалдааны танхим тун саяхан “COVID-19: Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийн эсрэг авсан арга хэмжээнүүд хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нөлөөлсөн үү?” нэртэй судалгааны дүнгээ танилцуулсан юм. Энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан хэд хэдэн санал боловсруулнаа тэд Засгийн газарт хүргүүлээд буй. Тус танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.
КОВИД-19 цар тахлын үеэр дийлэнх бизнес эрхлэгчдийн орлого буурч, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлсөн гэдгийг нийгэм даяараа мэдэж байгаа ч, энэ талаар нарийвчилсан тоо баримт харьцангуй ховор байлаа. Харин та бүхэн үүнтэй холбогдох сонирхолтой судалгааг хийсэн байна. Судалгаандаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг онцлон сонгосон нь ямар шалтгаантай вэ?
Бид үүнээс өмнө бизнес эрхэлж буй хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дунд хоёр ч удаа судалгаа хийсэн. Эдгээр судалгаагаар КОВИД-19 цар тахлын үеэр Засгийн газраас авсан арга хэмжээ, хөл хорио аж ахуйн нэгжүүдэд хэрхэн нөлөөлсөн болон тэдний орлого болон алдагдлын хэмжээг тодруулахыг зорьсон. Харин саяын судалгаагаа зөвхөн хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу бичил бизнес эрхлэгчдийн дунд явуулсан. Яагаад ингэж тусгайлан авч үзсэн бэ гэхээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ компаниуд, тэнд ажиллаж буй хүмүүс гэх зэргээр тогтмол орлоготой иргэдэд илүү чиглэсэн байсан. Гэтэл энэ бүхнээс хувиараа хөдөлмөр эрхэлж, өөрөө өөртөө ажил олгож буй өрхийн үйлдвэрлэгчид, бичил бизнес эрхлэгчид орхигдсон. Тиймээс ч бид Засгийн газраас авсан арга хэмжээ энэ хэсэгт хүрч чадсан эсэхийг судлах зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нийт 1652 хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд судалгаа хийсэн. Судалгааг хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй биечлэн уулзахаас гадна цахим хэлбэрээр авснаараа онцлог.
Засгийн газраас авсан арга хэмжээ нийт бизнес эрхлэгчдийн 50 хувьд л хүрсэн.
Эдгээр аймаг, дүүргүүдийг сонгохдоо тухайн бүс нутгийн нийт хүн амын тоо, тэнд бүртгэлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тоог харгалзан үзэж сонгосон. Нөгөө талаар, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ихэнх нь орлого багатай өрхүүдээс гаралтай байдаг учраас хүн амын төвлөрөл ихтэй, орлогын түвшин бага хэсгийг хамруулахыг зорьсон.
Судалгааны үр дүнгээс харахад цар тахлын үед эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газраас авсан арга хэмжээ хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд огт нөлөөлөөгүй гэсэн ерөнхий дүгнэлт гарлаа. Учир нь дээрх арга хэмжээнүүдэд хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, халамж, тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг багтсан нь аж ахуйн нэгжүүд, тогтмол орлоготой иргэдэд илүү чиглэсэн байсан. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд бараг нөлөөлөөгүй нь тэд тогтмол орлоготой биш, нийгмийн даатгалд хамрагддаг нь цөөн, судалгаанд оролцсон ихэнх хувиараа хөдөлмөр эрхлэгчид хуулийн дагуу татварын байгууллагад бүртгүүлээгүй, өнөө маргаашаа аргацаасан хэлбэрээр бизнес эрхэлж байгаа, бидний хэлж заншсанаар сүүдрийн эдийн засагт ажилладаг иргэд байгаатай холбоотой.
Судалгаа хийх үеэр ажиглагдсан зарим онцлог дүр зургаас хуваалцвал?
КОВИД-19-өөс шалтгаалан хөл хорио тогтоосноос болж хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого эрс буурсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсаны дараах үр дүнг бид тодруулахын тулд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 5, 6, 7 дугаар сарын нийт борлуулалтын орлогыг харгалзан үзсэний үндсэн дээр уг судалгааг хийхэд салбар бүрт ялгаатай дүр зураг ажиглагдсан. Тухайлбал, жижиглэн худалдаа эрхлэгчдийн борлуулалтын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 28 дахин багассан бол бөөний худалдааны салбарынх 138, үйлчилгээний салбар 153, харин үйлдвэр эрхлэгчдийн хувьд орлого нь 139 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны 5-7 дугаар саруудад жижиглэн худалдаа эрхэлдэг нэг хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дундаж орлого 78 сая төгрөг байсан бол энэ онд 2,8 сая төгрөг болж буурсан байна. Тэгэхээр эндээс хамгийн их хохирсон хүмүүс нь жижиглэн худалдаа эрхлэгчид гэдэг нь харагдаж байгаа юм.
Төрийн байгууллагуудын зүгээс хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан тусгай бодлого боловсруулах хэрэгтэй байна.
Харин бүс нутгаар нь хэр ялгаатай байгааг үзэхэд Улаанбаатар хотын хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн борлуулалтын орлого хамгийн өндөр хувиар буюу 9.1 дахин буурсан бол КОВИД-19-ийн нөлөө хамгийн бага туссан нь Сүхбаатар болон Хөвсгөл аймаг. Улаанбаатар хотын хувьд яагаад ийм ихээр буурсныг тодруулахад нийслэлийн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 80 гаруй хувь нь жижиглэн худалдаа эрхэлдэг учраас тус салбарын нөлөөллөөр орлого нь хамгийн их буурсан байна. Харин аймгуудын хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд хөдөө аж ахуйд суурилсан, үйл ажиллагаа нь тогтмол үргэлжилж байсан, мөн жижиглэн худалдааны салбарын эзлэх хувь бусад салбартай харьцуулахад бага байсан тул бууралт харьцангуй бага ажиглагдсан. Өмнөговь аймагт гэхэд уул уурхайн компаниудын үйл ажиллагаа хумигдсан ч нөлөөлөл нь мөн бага туссан байна.
Ер нь дээрх борлуулалтын орлогын бууралтыг нэгтгэн харвал КОВИД-19 цар тахлаас шалтгаалан зөвхөн Улаанбаатар хотод бүртгэлтэй 17677 хувиараа хөдөлмөр эрхлэгч нийтдээ 1,3 их наяд төгрөгийн борлуулалтын орлогоо алдсан байна.
Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн борлуулалтын орлого (бүс нутгаар, төг.)
Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагаа ямар онцлогтой учраас КОВИД-19 цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн талаар тайлбарлахгүй юү?
Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ компаниуд руу дагнан чиглэсэн нь эдгээр бүлэг ингэж их өртөх шалтгаан болсон. ЖДҮ эрхлэгч биш хувиараа хөдөлмөр эрхлэгчийн онцлог нь компани, аж ахуйн нэгж болоогүй, бизнес нь маш жижиг хэмжээтэй, эргэлт багатай байдаг. Засгийн газраас хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан нөлөөллийн ажил зохион байгуулж, чадавхжуулах замаар дараагийн шатанд гаргах буюу компани, хоршоо болгон хөгжүүлэх ямар ч бодлого хэрэгжүүлдэггүй учраас энэ хүмүүс жижиг лангуу түрээслэх, бөөний төвөөс бараа худалдан авч, жижиглэнгээр зарж борлуулан амьдарч байна. Бизнесийн энэ онцлогоосоо шалтгаалан КОВИД-19-тэй холбоотой хөл хорионы үеэр хувиараа хөдөлмөр эрхлэгчид илүү өртсөн.
Тэгвэл цаашид Засгийн газраас ямар арга хэмжээ, зохицуулалтуудыг хэрэгжүүлэх ёстой вэ? Та бүхний зүгээс ямар шийдэл санал болгож байгаа вэ?
Саяын судалгаанаас харахад орхигдсон бүхэл бүтэн бүлэг байна. Энэ хүрээнд бид хэд хэдэн санал дэвшүүлсэн. Үүнд, төрийн байгууллагуудын зүгээс хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан тусгай бодлого гаргах ёстой. Засгийн газар, яамдын боловсруулж буй бодлого ихэвчлэн татварын байгууллагад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд рүү чиглэдэг. Тэгэхээр юуны түрүүнд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг тодорхой хэмжээнд чадавхжуулж, санхүүгийн боловсрол, бизнесээ хөтлөн авч явах анхан шатны мэдлэгийг олгох хэрэгтэй. Үүнтэй зэрэгцүүлэн тодорхой хэмжээний хөнгөлөлттэй бизнесийн зээл олгож, бүтээгдэхүүнийг нь худалдан авах зах зээлийг бий болгож байж, эдгээр хүмүүс хаана ч бүртгэлгүй өнөөдрийнх шиг ингэж ажиллах биш бизнесийн дараагийн шатанд гарч хоршоо, компани болон нэгдэнэ. Тэгж байж сүүдрийн эдийн засагт байгаа энэ бүлгийг гэрэлд гаргаж ирнэ. Дагаад татвар төлөлт нэмэгдэж, татварын бааз өргөжинө, эдийн засгийн бүртгэл сайжирна. Гэхдээ эдгээр арга хэмжээг нэг нэгээр нь биш цогцоор нь хэрэгжүүлэхгүй бол бас л үр дүн багатай байх болно.
Жижиглэн худалдаа эрхлэгчид дараагийн шатанд гарч, хамтран хоршоо, компани болон нэгдэх ёстой.
Ер нь Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого маань хоёр чиглэлтэй байх ёстой. Нэгт, аж ахуйн нэгжүүд рүү, хоёрт, хувиараа хөдөлмөр эрхлэгчид рүү хандсан тусгай бодлого. Учир нь эдгээр бүлэг өөр өөр онцлог, чадавхтай. Нөгөө талаар, зөвхөн төрийн дэмжлэг хараад суух нь утгагүй. Би үүний эсрэг байдаг. Учир нь халамжийг нэмэгдүүлэх тусам хүмүүсийн ажил хийх сонирхол багасдаг. Судалгааны хүрээнд хүмүүстэй уулзаад явж байхад лонх, лааз гэх зэрэг хаягдал хүлээн авдаг хүн “Хүүхдийн мөнгийг 100 мянга болгоход надад хаягдал авчирч өгдөг байсан хүмүүс ирэхээ больсон. Тэдний дунд хүүхдийн мөнгө нэмэгдсэн юм чинь хэдэн сар амаръя” гэх хүн олон байсан гэж ярьж байгаа юм. Тэгэхээр хүүхдийн мөнгө хүүхдэдээ хүрэхгүй байна гэсэн үг. Гэхдээ энэ бол ганц нэг тохиолдол биш. Судалгааны явцад үүнтэй төстэй маш олон тохиолдолтой таарсан.
Мөн олон улсын байгууллагуудын болон гаднын донор орнуудын тусламжийн цөөнгүй төсөл Монголд хэрэгжиж байна. Энэ төслүүд нэг талаар хувиараа хөдөлмөр эрхлэгчид рүү чиглэх ёстой. Яагаад гэвэл хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь өрхийн орлого багатай хүмүүс байдаг. Үүнээс гадна томоохон компаниуд болон төрийн байгууллагууд худалдан авалт хийхдээ энэ бүлгийн хүмүүсийн эрхэлж буй бизнесийг дэмжиж, бүтээгдэхүүнийг нь сонгодог томоохон механизмыг ашиглах нь маш чухал. Тэгвэл бага ч болов зах зээл бий болж, орлого нь тогтворжихын зэрэгцээ бүтээгдэхүүний чанар стандарт нь дагаад сайжирдаг. Ийм олон улсын туршлагууд ч бий. Жишээлбэл, бидний хамгийн сайн мэдэх Өмнөд Солонгос улс ийм жишгээр хувиараа хөдөлмөр эрхлэгчдээ хөгжүүлж, дэмжиж чадсан. Өөрөөр хэлбэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дараагийн шатанд гаргахын тулд төрийн байгууллага, томоохон компаниуд, нөгөө талаас манай танхим шиг ТББ, олон улсын байгууллагууд нийлж, тэдэнд бүтээгдэхүүнээ сайжруулж, чанар стандартад нийцэж ажилладаг болоход нь тусалж дэмжих буюу цогц байдлаар анхаарах шаардлагатай.