Өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэж, улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хурлаар хэлэлцэхээр төлөвлөж буй. Энэ хуулийн төслийг 2018 оны гуравдугаар сард Засгийн газарт анх өргөн мэдүүлсэн бөгөөд 2013 оноос эхлэн хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан ч буцаан татсан түүхтэй. Товчхондоо, бараг арваад жил яригдсан, ихээхэн хүлээлт үүсгэсэн хуулийн төсөл гэж ойлгож болно.
Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш өнөөг хүртэл 24 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Харин тухайн үйлчилж буй хуулийн 50-иас дээш хувь өөрчлөгдөхөд шинэчилсэн найруулгыг боловсруулдаг байна. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуульд томоохон өөрчлөлт орно гэсэн үг. Хэрэв хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталвал 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм. Хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой олон талын байр суурийг хуульчид, ажил олгогчид болон холбогдох байгууллагууд илэрхийлсээр байгаа билээ.
Хөдөлмөрийн тухай хууль бол Иргэний хуулийн дараа орох, амьдралын суурь харилцааг зохицуулдаг томоохон хууль. Тиймээс хөдөлмөрийн харилцаанд орж буй бүх тал зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай.
Үүнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд тус хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил цөөнгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, онлайн хэлэлцүүлэгт байр сууриа илэрхийлээд буй. Ажлын хэсэг Хөдөлмөрийн тухайн хуулийн төслийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, ач холбогдлын талаар дараах байдлаар тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Бид 1999 оноос хойш хөдөлмөрийн зах зээлд гарсан өөрчлөлтүүд, сүүлийн үед дэлхий даяар хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд үүсэж буй шинэ үзэгдэл, хөдөлмөрийн болон гэрээний шинэ хэлбэрүүдийг Хөдөлмөрийн тухай хуульд тусгаж, шинэ зохицуулалт нэмье гэсэн гол үзэл баримтлалын дагуу ажиллаж байна. Энэ хууль батлагдсанаар нэн тулгамдсан, ойлгомжгүй болчихоод буй олон асуудлыг цэгцэлнэ гэж харж байна. Шинэчилсэн найруулгад зайнаас ажиллах, гэрээс ажиллах, бүрэн бус цагаар ажиллах хөдөлмөрийн гэрээ зэргийг нэлээд нарийвчилж тодотгож өгсөн. Хэрэв уг хууль бидний хүсэн хүлээж байгаачлан батлагдаад, хэрэгжээд эхэлбэл 5-10 жилийн хугацаанд Монголын хөдөлмөрийн зах зээл ихээхэн өөрчлөгдөж, шинэчлэгдэнэ гэсэн хүлээлт байна.
Ажил олгогч, ажилтан гэдэг дайсагнасан хоёр этгээд биш. Нэг нь хожвол, нөгөөх нь хожигддог гэж ойлгож болохгүй. Харин ч нэг зорилгын төлөө хамтран зүтгээд явахад хоёр талд ашиг нэмэгдэж, амьдрал сайжирч байдаг хамтын ажиллагаанд суурилсан харилцаа шүү гэсэн уур амьсгалыг нийгэмд бүрдүүлэх нь чухал. Энэ хууль энэ тухайд өөрийн хувь нэмрийг оруулах байх. Нөгөө талаар, Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл (ҮЭ), ажил олгогч гэх зэрэг талуудын бүх саналыг бид тусгаж чадахгүй. Энэ ч утгаараа бүх тал бүрэн сэтгэл хангалуун байх боломжгүй. Харин талуудын саналыг аль болох тусгаж, дундын хувилбарыг бий болгож байна гэж ойлгох хэрэгтэй. Бидний үзэж буйгаар Засгийн газар болоод ажлын хэсэгт энэ тэнцвэрийг хадгалж, тодорхой зөвшилцөлд хүрч чадсан.
Одоо хэлэлцэгдэж буй хуулийн төслийг бүхэлд нь харвал 20-иод жилийн өмнө анх батлагдсан хуулиас хэр дэвшилтэт, шинэлэг болсон талаар, мөн хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх тэгш байдлыг хэрхэн хангасан тухайд хуульчдын төлөөлөлтэй холбогдож, хариулт авав.
Монголын Хуульчдын холбооны Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны тэргүүн, өмгөөлөгч Н.Баасанжав:
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл гурван парламент дамжсан. Энэ хуулийг батлах процесс их онцлогтой. Хариуцсан яамны төлөөлөл төслийг барьж, ҮЭ, “Ажил олгогч эздийн холбоо”, хөдөлмөрийн эрх зүйч мэргэжилтэн, олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн бөгөөд суурь найм, холбогдох цөөнгүй конвенцид нэгдэн орсон гэх зэрэг байгууллагын төлөөллийн саналыг сонссоны үндсэн дээр боловсруулдаг. Хамгийн гол нь Засгийн газар, ҮЭ болон ажил олгогчид хэлэлцэж, санал нэгдсэнээр төслийг эцэслэн боловсруулдаг юм билээ. Иймд төсөлд аль ч тал 100 хувь сэтгэл ханамжтай байх боломжгүй. Ажил олгогчийн хувьд хуулиар доод хэмжээг заасан бөгөөд ажил олгогч дотоод журамдаа өөрөөр заагаагүй бол тухайн заалтыг мөрдөх сонголт байх тусам хөдөлмөрийн харилцаа илүү нарийн зохицуулагдана гэж үүнээс дүгнэж болно.
Олон нийтийн дунд их яригдсан тоо хэмжээтэй заалтыг дурдъя. Илүү цагийг долоо хоногт 16 хүртэлх цаг байхаар, ээлжийн амралтыг ажилласан жилээс хамааралгүй 20 хоног, нийтээр амрах баярын өдөр тохиовол дараах ажлын өдөрт шилжүүлэх, мөн ажлын хэсгээс уртын ээлж (ростерын горим) -ийг 14:14 хоногоор тогтоож, хамтын гэрээгээр үүнийг өөрөөр тогтоож болохоор заасан. Бөөнөөр халах тухайд ажилтны тооноос хамаарч тогтоосон. Эдгээр заалтаас нэн ялангуяа, 14:14 нь уул уурхайн салбарт илүү хамаарах ба ажил олгогчийн зардлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр байгаа тул холбогдох судалгааг харах хэрэгтэй болов уу.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулах үүргийг зөвхөн хувийн хэвшил бус төр өөрөө ажил олгогчийн хувьд бодитойгоор биелүүлэх буюу төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах, бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах хэлбэрээр үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх боломжийг олгосон. Монгол Улсын нэгдэн орсон конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх чиглэлд ажиллах хүч нийлүүлэх хувийн мэргэжлийн албатай холбоотой харилцааг зохицуулсан зэргийг ташрамд дурдъя.
Харин ажил олгогчдын зүгээс уг хуулийн төсөлд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, саналаа илэрхийлсээр буй. Тухайлбал, “Улаанбаатар хотын худалдааны танхим”-аас зохион байгуулсан онлайн хэлэлцүүлгийн үеэр “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг:
Өмнө нь ажил олгогчдын зүгээс шүүмжилдэг байсан асуудлууд энэ удаагийн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад улам чангарч орж ирсэнд бид гайхаж байна. Энэ бол урагшилсан биш, ухарсан алхам. Ажил олгогчид ажлын байраа хадгалах, өрсөлдөх чадвар, бүтээмжээ нэмэгдүүлэх, мөн хамгийн чадварлаг, авьяастай иргэдийг ажлын байраар хангахын зэрэгцээ хөдөлмөрийн харилцаанд эрх тэгш байдлаар орж, бизнесээ өргөжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх, улсын төсөвт бүрдүүлж өгч буй орлогыг үргэлжлүүлэх, цаашлаад нэмэгдүүлэх боломжийг ямагт хайж ажилладаг. Өнөөдрийн хувьд бид энэ хуулийн өөрчлөлтөд шүүмжлэлтэй хандаж байгаа. Өмнөх хуулийг бид хуучин тогтолцооноосоо өвлөн авсан гэж ярьдаг байсан. Тэгтэл энэ хуулийн заалтууд өмнөхөөсөө дордсон байна.
гэсэн бол хэлэлцүүлгийн дараа ажил олгогчдоос нэмж ирүүлсэн саналыг өмнөх 200 орчим саналтай нэгтгэн УИХ-д хүргүүлнэ гэдгээ “Улаанбаатар хотын худалдааны танхим”-ын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ илэрхийлсэн юм. Түүнтэй холбогдож, ажил олгогчид ямар саналыг голчлон дэвшүүлж буй талаар тодрууллаа. Тэрбээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ажилтан, ажил олгогчийн хөдөлмөрийн харилцаан дахь ажилтны эрхийг хэт дөвийлгөсөн, ажил олгогчийн эрхийг хэтэрхий багасгаж, үүргийг нь нэмэгдүүлсэн байна. Иймээс ажилтан, ажил олгогчийн харилцааг тэнцвэртэй болгох хэрэгтэй. Тухайлбал,
-Ажил олгогч маш олон тэтгэмжийг халагдсан болон тэтгэвэрт гарч байгаа ажилтанд заавал олгохоор заасан нь санхүүгийн болон хөдөлмөрийн харилцааны олон дарамтыг ажил олгогчид бий болгож байна. Өмнө нь энэ тэтгэмж олгох харилцааг заавал биш, дотоод дүрэм, журмаараа зохицуулах боломжтой байхаар заасан байсан.
-Бүх ажилтантай хийх хөдөлмөрийн гэрээнүүдийг хугацаагүй хийхээр заасан нь томоохон бэрхшээлийг бий болгож байна. Жишээлбэл, сүүлийн үед аж ахуйн нэгжүүд тодорхой хугацаатай төсөл хэрэгжүүлдэг болсон ба энэ төсөлд ажиллах ажилтантай хугацаагүй гэрээ хийснээр дараагийн олон хүндрэлийг бий болгоно. Иймээс энэ заалтуудыг өөрчилж, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах боломжтой болгох заалтуудыг нэмэх шаардлагатай.
-Уул уурхайн ажилтнуудыг заавал 14 хоног ажиллаад 14 хоног амраахаар заасан нь ажилчдын цалинг бууруулахад нөлөөлөхөөс гадна аж ахуйн нэгжүүд ихээхэн зардал нэмж гаргахаар байгаа тул энэ хугацааг заавал ингэж зааж оруулахгүйгээр илүү уян хатан болгож өөрчлөх зэрэг саналыг ажил олгогчдын зүгээс гаргасан гэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн талаар хангалттай мэдээлж, хэлэлцүүлэг өрнүүлээгүй учраас талуудын санал хангалттай хэмжээнд тусаагүй, учир дутагдалтай хуулийн төсөл болсон гэх шүүмж нийгэмд буй. Үүнд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин дараах хариултыг өгч байна.
2018 оноос хойш МҮХАҮТ хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулахад компанийн хуульчид, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцож байсан. Бид саналуудыг тухай бүрт нэгтгэн ажлын хэсэгт хүргүүлж байв. Мөн 2019 онд дэд ажлын хэсэг олон удаа хуралдаж, саналыг харьцангуй сайн тусгасан. Энэ асуудал 100 хувь ажил олгогч, эсвэл ажилтны талд яригдаагүй. Ажил олгогч, ҮЭ-ийн хувьд аль аль талдаа буулт хийсэн асуудлууд ч бий. Харин ч талууд дундын зөвшилцөлд хүрч, шийдэгдсэн. Түүнчлэн ажил олгогч талаас дэвшүүлсэн саналын дийлэнхийг хуульд тусгаж өгсөн. Тэгээд ч энэ хуулийг хойшлуулах тухай асуудлыг үнэхээр удаан ярьсаар ирлээ. Нэмээд 1999 оны хуулинд тусгагдаагүй маш олон шинэ зохицуулалтууд орж байгаа. Зарчмын хувьд одоогийн хүрсэн түвшнээ дордуулахгүй, илүү дэлгэрэнгүй, тодорхой болгох зүйлүүд ч хуулийн хүрээнд яригддаг. Өнөөдөр хөдөлмөрийн маргаан үүсэхэд 85 хувь нь ажилтан талд шийдэгдэж байна. Тийм ч учраас энэ орон зайг бид илүү өргөтгөж, арга ажиллагааг нь тодорхой болгосон гээд олон шинэлэг тал бий.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцахыг хүсвэл энд дараарай.