"Датаком" компанийн гүйцэтгэх захирал Г.Энхболд

Өнөөдөр интернэт багахан гацаж, технологийн бяцхан доголдол үүсэхэд л хүмүүс маш ихээр дургүйцэж, бухимдах болсон. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Учир нь хүн бүрийн ажил, амины бүхий л асуудал интернэтээр дамжин өрнөх болж, амьдралын хэв маяг урьд өмнөхөөс эрс өөрчлөгдсөн. Интернэт хэмээх “үл үзэгдэх” сүлжээ хоёрыг холбож, холыг ойртуулах болсноор эдийн засаг, нийгмийн харилцааг түүнгүйгээр төсөөлөх ямар ч боломжгүй болсныг энэ бүхэн илтгэж буй. Харин монголчуудыг дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэн алхаж, энэ бүх боломжийг хүртэх үүд хаалгыг “Датаком” компани өнөөдрөөс яг 26 жилийн өмнө нээж, Монгол Улсыг 24 цагийн интернэт сүлжээнд холбосон юм. Үүний үр дүнд манай улс Ази тивээс интернэтэд холбогдсон 10 дахь улс болж, 1996 оны нэгдүгээр сарын 17 -ны өдөр түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ.

“Датаком” бол Монголын интернэт үйлчилгээний анхдагч төдийгүй мэдээллийн технологийн олон дэвшилтэт технологи, шинэ үйлчилгээнүүдийг анхлан нэвтрүүлсэн туршлагатай компани. 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл тогтвортой, найдвартай, чанартай үйлчилгээг хэрэглэгч, харилцагчдадаа тасралтгүй хүргэж ирсэн тус компанийн удирдлагын баг байгууллагадаа 20 -иос дээш жил ажилласан мэргэжилтнүүдээс голдуу бүрддэгээрээ онцлог. Тэдний нэг нь “Датаком”-ын гүйцэтгэх захирал Г.Энхболд. Тэрбээр их сургуулиа төгссөн цагаас хойш энэ хамт олны нэг хэсэг болж, сүлжээний инженерээс гүйцэтгэх захирал хүртэл тасралтгүй 22 дахь жилдээ ажиллаж буй нэгэн. Түүнтэй өчигдөр, өнөөдөр, мөн ирээдүйн тухай товч ярилцлаа. 

 .МОН, .MN, ОRG.MN домэйн нэрийн бүртгэл, удирдлага, вэбийн бусад үйлчилгээг албан байгууллага, хувь хүнд үзүүлдэг. Өдгөө 30 мянга гаруй домэйныг бүртгэж, үйлчилгээ үзүүлж буй. Харилцагчдадаа интернэт орчинд цогц үйл ажиллагаа явуулах, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан виртуаль ертөнцөд бизнесээ өргөжүүлэх боломжийг олгоход чиглэн ажилладаг. ICANN (International Corporation for Assigned Names and Numbers) олон улсын корпорацийн албан ёсны итгэмжлэлтэй, мөн Google компанийн албан ёсны төлөөлөгч. 
8000 өдөр

Ойролцоогоор ийм хугацааг Г.Энхболд “Датаком” -д ажиллаж өнгөрүүлжээ. Багагүй хугацаа. Их сургуулиа дөнгөж төгссөн шинэхэн боловсон хүчин карьераа энд л эхлүүлж, өсөж хөгжиж, бас мэргэшжээ. Өөрөөр хэлбэл, Монголын мэдээллийн технологийн хөгжилтэй зэрэгцэн түүний карьер хөгжлийн түүх бичигдэж явсан ч гэж хэлж болно. Физикийн инженер мэргэжилтэй тэрбээр сонины хуудаснаас сүлжээний инженер ажилд авах тухай зарыг олж харснаар “Датаком” компанитай анх холбогдсон түүхтэй. Хэдийгээр мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжил эзэмшээгүй ч “Энэ компанид л заавал ажиллана” гэсэн эрмэлзэл, хичээл зүтгэл нь өнөөдрийн түүнийг бүтээжээ. Нэг сонирхсон зүйлээ хэзээ ч хаядаггүй тууштай зан нь ч компанидаа 22 жил тогтвортой ажиллахад нөлөөлсөн юм. “Миний хувьд интернэтэд холбогдохоос илүү хэрхэн, яаж ажилладаг цаад бүтэц нь илүү сонирхолтой санагддаг байсан. Хоёр компьютерыг яаж холбоод байна гэдэг учир шалтгаан сониуч занг минь хөдөлгөсөн” хэмээн тэр дурсаж байна. 

Хөгжих таатай орчин 

1990 -ээд оны сүүлч, 2000 оны эхээр Монголд мэдээлэл технологийн гарын авлага гэхээр ном, сурах бичиг байгаагүй учраас ихэвчлэн англи хэл дээрх эх сурвалжаас сурч, мэдэх их хэрэгцээгээ хангадаг байсан талаараа “Датаком” компанийн үе үеийн инженер, техникийн ажилтнууд ярьдаг. “Датаком”-ын үүсгэн байгуулагч Д.Энхбат ч тэднийг сайтар чиглүүлж, зөвлөнө. Одоогийнхоор бол “ментор” -лодог байв. Г.Энхболд ч тэдгээр суралцагчдын нэг байсан юм. “Амазон” -оос холбогдолтой номууд захиалж авчрахтай зэрэгцэн “Энийг унш, тэрийг харах хэрэгтэй” гэх зэргээр байнгын захиж, зөвлөж, цэнэглэж ирсэн нь салбараа өргөн далайцтай харах, олноос түрүүлж алхах, бусдын сэтгээгүйг сэтгэх орон зайг бүрдүүлж өгчээ. 

Анхдагч байх амаргүй

Монголд интернэт нэвтрүүлснээ зарлахаар зэхэж байх үед Засгийн газар Д.Энхбатыг төрийн зөвшөөрөлгүйгээр барууны технологи нэвтрүүлсэн, Монголын нууцыг гадагшаа задруулах гэж байна гэсэн үндэслэлээр шүүхэд өгсөн тохиолдол ч бий. Монгол Улс интернэтэд холбогдсон 1996 онд интернэт хэрэглэгчдийн тоо ердөө 500 гаруйхан байв. Гар утас битгий хэл компьютертой хүн ч ховор байсан тухайн үед “Датаком” и-мэйлийн үйлчилгээгээр гараагаа эхлүүлж, удалгүй Mэйжикнэт ХХК, Ай Сервис ХХК, Нэткарт ХХК, Датанэт ХХК зэрэг охин компанийг байгуулан ажиллах болсон юм. 

Монголд интернэт нэвтрэх үеийн сонирхолтой баримтуудыг энд дарж уншаарай. 

И-мэйл нээлгэх, и-мэйл болон факс илгээх, мэдээлэл хайх зэрэг нь бүхэл бүтэн үйлчилгээ байсан гэхээр интернэт өдөр тутмын хэрэглээ болсон өнөө цаг үед сонирхолтой сонсогдож болох юм. Товчхондоо, өнөөдрийн хөгжлийг авчрах гол дэд бүтцийг “Датаком” компани хэн ч ойлгоогүй, сонирхоогүй, анзаараагүй, мөн дэмжээгүй байх үед бүтээн байгуулжээ. Цаг үеэсээ хэт түрүүлснээс, хэрэглэгчид бэлэн бус байснаас болж хойшлуулсан, зогсоосон, орхихоос аргагүйд хүрсэн төслүүд тэдний хувьд даанч олон байсныг ч тэмдэглэх хэрэгтэй. Тэдгээрийн нэг нь 2000 оны эхээр орон сууцны төлбөрийг урьдчилсан төлбөрт “Нэткарт” -аар дамжуулан төлөх үйлчилгээ байв. Шаардлагатай бүхий л дэд бүтэц, системийг угсарч хөгжүүлэн бэлэн болгосон ч хэрэглэгчид хараахан бэлэн болоогүй байсны зэрэгцээ суурь хөрс бүрэлдэж эхлэхэд ч хол байж. Харин энэ төрлийн үйлчилгээ хэдхэн жилийн өмнөөс бодит болж, зах зээлд амжилттай нэвтэрсэн зэргээс үзэхэд тэд үнэхээр түрүүлж алхаж байсан нь харагддаг. “Алдсан ч, оносон ч энэ бүхэн бидний хувьд хөгжилтэй, сургамжтай, гоё түүхүүд болон үлдсэн” хэмээн Г.Энхболд тодотгосон юм. 

Зах зээлийн чиг хандлагыг мэдрэх нь

Технологийн хөгжлийн хурдыг гүйцэхэд улам төвөгтэй болж байгаа ч үүнээс хэрхэвч хоцорч болохгүй. Ялангуяа технологийн компаниуд. Зах зээлийн чиг хандлагыг мэдрэх, ямар шинэ үйлчилгээ нэвтрүүлбэл амжилттай нэвтрэх орон зай байгааг анзаарах зэргийг Г.Энхболд өөрийн мэдрэмжид тулгуурлан хийдэг. Үүний үр дүнд, юунд анхаарал хандуулж, хүний нөөцөө аль зүгт төвлөрүүлэх эсэхээ шийдэж чаддаг аж. Нэг газраа удаан зогсохоос аль болох зайлсхийж, үргэлж хөгжиж, өөрчлөгдөж байх нь орчин үеийн компаниудад зайлшгүй байх ёстой хэв маяг гэдгийг ч онцолж байв. Өнөө цагт хэрэглэгчид хоорондын харилцааг сайжруулж, байгууллагын үйл ажиллагааг хялбарчилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нэмэгдсэн. Тиймээс үүнтэй холбоотой шинэ үйлчилгээнүүд тэд нэвтрүүлж, дотоод системээ шинэчилснээр хүссэн үр дүндээ хүрч, өсөлтүүдийг үзүүлж, харилцагчийн тоогоо нэмж чаджээ. “Бид ингэж л тасралтгүй шинж чанараа хадгалж, уян хатан байдлаа сайжруулдаг” хэмээн тэр хэллээ.  

“Датаком” компанийн хамт олноос нийт интернэт хэрэглэгчдэдээ Монгол Улсад интернэт нэвтэрсний 26 жилийн ойн мэндийг дэвшүүлж буйг дараах видеоноос хүлээн авна уу.   

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 4.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Melearn платформ салбартаа шилдэг байхад тань тусална

Өмнөх нийтлэл

Хэрхэн сайн контент хийж, зорилтот харилцагчдынхаа анхаарлыг татах вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.